Эх дэлхийн цаг арга хэмжээнд Ховд хотынхон зургаа дахь жилдээ нэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2016-03-24 17:35:11

Жил бүр уламжлал болсон "Эх дэлхийн цаг" арга хэмжээ энэ сарын 19-ны өдөр зохион байгуулагдаж Ховд  хотын иргэд 6 дахь жилдээ нэгдэж, нийт 3000 гаруй хүн Ард Аюушийн талбайд дуу хоолойгоо илэрхийллээ.

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гаас уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хувь хүний ойлголтыг дээшлүүлж, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Эх Дэлхийн Цаг” хөтөлбөрийг 2007 оноос хойш хэрэгжүүлж, олон нийтийг уриалж эхэлсэн билээ.  Энэ жилийн “Эх дэлхийн цаг” гуравдугаар сарын 19-ны өдөр болж “Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад хүч нэмье” гэсэн уриатайгаар зохион байгуулагдсан юм. 

Дэлхий нийтийг хамарсан энэ арга хэмжээг жил бүрийн гуравдугаар сарын сүүлийн долоо хоногийн бямба гаригт тэмдэглэдэг уламжлалтай. Энэ өдөр  цагийн турш дэлхийн бүх хүмүүст зэрэг гэрлээ унтраахыг уриалж, хүн бүрт уур амьсгалын өөрчлөлтийг мэдрүүлэх зорилготой ажээ.

“Эх Дэлхийн Цаг”-ийн гол зорилго нь гэрэл унтрааж, цахилгаан хэмнэхдээ бус, харин уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хүний оролцоо чухал, хүн бүр хувь нэмрээ оруулбал эх дэлхийгээ аврах боломж бий гэдэгт олон нийтийн анхаарлыг хандуулахад оршиж, нэгдэх боломжийг олгодог  байна.

Анх 2007 онд Австралийн Сидней хотоос гараагаа эхэлсэн “Эх Дэлхийн Цаг”-ийг жил ирэх тусам олон зуун сая хүн дэмжиж байгаа юм. 2015 оны “Эх дэлхийн цаг”-т дэлхийн 172 орны 7000 гаруй хотын хоёр тэрбум гаруй иргэд оролцсон тооцоог гаргажээ.

А.Бямбасүрэн

 

Холбоотой мэдээ