Нийтийн тээврийн автобуснаас 8 хүн унаж, бэртжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-05-03 19:03:26
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тээврийн цагдаагийн алба энэ долоо хоногт нийт 1082 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 787 зөрчлийг шалгажээ. 


Дээрх ослын улмаас нийслэлд 31 хүн бэртэж, нэг хүний амь нас хохирсон байна. Харин орон нутагт долоон хүний амь нас хохирч, найман хүн гэмтсэн байна. Бэртсэн хүмүүсийн 12 нь бага насны хүүхэд бөгөөд 11 нь зам хөндлөн гарч явжээ. Дээрх ослын хэргийг харьяа нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллага шалгаж байна. 


Ноцтой зам тээврийн ослоос дурдвал, өчигдөр 18.25 цагийн орчимд нийслэлийн Налайх дүүргийн гуравдугаар хорооны Нарангийн 24 дүгээр гудамжинд байдаг айлын 2 настай хүүхдийг "H.Accent" маркын автомашин дайрчээ. Жолооч хэргийн газраас зугтсан ч Багахангай дүүргийн хяналтын постод саатуулагдсан байна. Мөн өнгөрсөн сарын 30 буюу мягмар гарагийн 21.00 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг, “Монгол зоог” гэх газрын урд замд "Kia Granbird" маркын автобус  45 настай явган зорчигчийг мөргөж, амь насыг нь хохироосон ноцтой осол бүртгэгджээ.


Машины ард болон доор хүүхэд байгааг жолооч анзааралгүй автомашинаа хөдөлгөснөөс осол гаргах аюултай байдаг. Тиймд жолооч машиндаа суухаас өмнө машинаа тогтмол тойрч шалгаж байхыг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөж байна. Жолооч маш хянуур болгоомжтой ухарч, болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах үүрэгтэй.

Замын цагдаа нар эдгээр өдөр 192 согтуу жолоочид хуулийн хариуцлага оноосон байна. Мөн согтуугаар жолоо барьсан, жолооны эрхгүй 40 хүнийг 7-30 хоногоор баривчилжээ. 


Энэ долоо хоногт бүртгэсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад нийт дуудлага 3,2 хувиар, зам тээврийн ослын шинжтэй дуудлага 6 хувиар, гэмтсэн хүн 8 хувиар буурч, амь нас нь хохирсон хүн 3 дахин, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 56 хувиар тус тус өссөн байна.

        НИЙТИЙН ТЭЭВРИЙН АВТОБУСНААС НАЙМАН ЗОРЧИГЧ УНАЖ, ГЭМТЖЭЭ
Оны эхний дөрвөн сарын байдлаар, нийтийн тээврийн автобуснаас зорчигч унаж гэмтсэн найман осол гарчээ. Тэдгээрийн  дийлэнх нь сууж, буух үед нь хөдөлсөн, огцом тоормослосон зэргээс шалтгаалсан байна. Тухайлбал, Баянзүрх дүүргийн нутаг, Баянзүрхийн товчооны зам “МТ” ШТС-ын хойд замд зорчигч тээврийн автобусны жолооч огцом тоормослож, 62 настай зорчигч гэмтсэн, мөн Чингэлтэй дүүргийн нутаг, Бага тойруугийн замд "Aero city" маркын автобусны жолооч огцом тоормослож, 23 настай зорчигч гэмтсэн хэргүүд бүртгэгдсэнийг Тээврийн цагдаагаас шалгаж байна.

Холбоотой мэдээ