Алт худалдан авалт 10 хувиар нэмэгджээ

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2019-05-03 20:32:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголбанк өнгөрсөн дөрөвдүгээр сард 1.1 тонн алт худалдан авчээ.

Энэ нь өнгөрсөн оныхоос 101 кг-аар илүү буюу Төвбанкны худалдан авсан алт 10 хувиар нэмэгдсэн дүн юм. Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 3 кг алт худалдан авчээ.

Худалдан авалт ийнхүү өссөнийг УИХ-ын ээлжит бус чуулганаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг баталж, алтны ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг таван хувь болгосонтой холбон тайлбарлаж байна.


Тодруулбал, УИХ-ын энэ оны гуравдугаар сарын 26-ны ээлжит бус чуулганаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг баталж, алтны ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг таван хувь  болгосон. Тус хуулийг УИХ-ын албан мэдээлэл болох "Төрийн мэдээлэл" сэтгүүлийн гуравдугаар сарын 28-ны өдрийн 13 дугаарт нийтэлсэн бөгөөд төрийн мэдээлэлд нийтэлснээс хойш 10 хоногийн дараа буюу дөрөвдүгээр сарын 8-наас дагаж мөрдөж эхэлжээ.

Дөрөвдүгээр сарын байдлаар нэг грамм алт худалдан авах Монголбанкны дундаж үнэ 108.757.36 төгрөг байв.

 

Холбоотой мэдээ