Нэгдүгээр хавьтлын 93 иргэнээс тарваган тахлын өсгөвөр илрээгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-05-05 09:42:08

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Цагааннуур тосгоны хоёр иргэн тарваган тахлаар өвчлөн нас барж, тус аймагт өнгөрсөн сарын 30-ны өдрөөс хөл хорио тогтоод байгаа. Мэргэжлийн байгууллагууд хариу арга хэмжээ авч нэгдүгээр хавьтлын 132 иргэнийг тусгаарлан шинжилгээнд хамруулснаас эхний 93 иргэнээс тарваган тахлын нян илрээгүй гэж аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн дарга Б.Анаргүл мэдээллээ.

Тарваган тахлаар нас барсан иргэн Т-гийн аав 62 настай Х энэ сарын 3-ны өдөр мөн таалал төгссөн байна. Иргэн Х нь тарваган тахлаар өвчлөөгүй нь элэг, дэлүү, уушгинаас дээж авч хийсэн молекул биологийн шинжилгээгээр тогтоогджээ. Түүний хувьд өмнө нь хоёр удаа тархиндаа цус харваж биеийн байдал нь сайнгүй байсан бөгөөд хүү нь нас барсны дараа гурав дахь удаагаа харвалт өгсөн аж.

Нэгдүгээр хавьтлын 132 иргэнээс үлдсэн 40 иргэний сорьцын шинжилгээний хариу өнөөдөр гарна гэдгийг тэрээр хэллээ. Түүнчлэн хорио цээрийн дэглэм тогтоосон зургаа хоногийн хугацаа маргааш буюу энэ сарын зургааны өдрийн 20:00 цагт дуусгавар болох юм. Үүний дараа аймгийн Онцгой комисс хуралдаж шинжилгээний хариу, мэргэжлийн байгууллагуудын саналыг үндэслэн хорио цээрийн дэглэмийг цуцлах эсэхийг хэлэлцэн шийдэх ажээ.

           

Холбоотой мэдээ