Зүрхний хэм алдагдлын эмчилгээг эх орондоо анх удаа амжилттай хийжээ

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2019-05-06 17:33:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын Гуравдугаар төв эмнэлгийн Зүрхний хэм алдагдал судлалын баг, ЭХЭМҮТ-ийн хүүхдийн зүрхний эмч нар, Япон улсын  хүүхдийн зүрхний хэм судлалын эмч нарын баг хамтран зүрхний хэм алдагдах өвчний оноштой 18 сартайгаас 16 хүртэлх насны нийт 17 хүүхдэд нарийн мэргэжлийн үзлэг оношилгоо хийж, зөвлөгөө өглөө.


Эдгээр хүүхдээс хэм алдагдлын мэс ажилбарын эмчилгээ зайлшгүй шаардлагатай 4 хүүхдийг сонгож,  дөрөвдүгээр сарын 29, 30-нд тус эмнэлгийн хэм судлалын лабораторийг түшиглэн зүрхний хэм алдагдлын катетр аблаци эмчилгээ, судсан дотуурх мэс ажилбарыг анх удаа өөрийн эх орондоо амжилттай хийж гүйцэтгэжээ.   

Улсын Гуравдугаар төв эмнэлэг анх 2016 оноос Монгол Улсын хэмжээнд насанд хүрэгчдийн зүрхний хэм алдагдлын үеийн катетр аблаци эмчилгээний тусламж үйлчилгээг эхлүүлснээс хойш өнөөг хүртэл тусламж үйлчилгээний хүртээмжийг тасралтгүй нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байгаа юм.

Хүүхдийн зүрхний хэм алдагдлын катетр аблаци мэс ажилбарын чиглэлд боловсон хүчин бэлтгэгдээгүйн улмаас өнөөдрийг хүртэл хийж чаддаггүй байсан бол энэ удаа Япон улсын Нара мужийн Тенри эмнэлэг, Хоккайдо их сургуулийн эмнэлгийн мэргэшсэн эмч нар болон ЭХЭМҮТ-ийн хүүхдийн зүрхний эмч нарын хамтын ажиллагааны хүрээнд үндэсний мэргэжилтнүүд ийнхүү хийжээ.


Холбоотой мэдээ