Булган аймагт концессын гэрээгээр найман төсөл хэрэгжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-05-07 21:21:48

Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт концессын гэрээгээр найман төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр аймгийн ИТХ баталлаа.

Баяннуур, Баян-Агт, Гурванбулаг, Дашинчилэн, Хангал, Хишиг-Өндөр сумын төв, Булган сумын 4-р багийн зарим албан байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхийг төвлөрсөн дулаан хангамжийн системээр дулаанаар хангах, Булган суманд авто үйлчилгээний цогцолбор барих ажлуудыг концессын барих-өмчлөх-ашиглах төрлийн гэрээгээр хэрэгжүүлэхээр болсон байна.

- Эдгээр төсөл, арга хэмжээг хэрэгжүүлснээр сумын төвүүдийн хөгжлийг хот суурин газрын жишигт ойртуулах, албан байгууллага, аж ахуйн нэгжүүдийн халаалтад хэрэглэж буй модны хэмжээг багасгах, төсөвт байгууллагуудын аж ахуйн ажлын ачааллыг бууруулах, авто тээврийн үйлчилгээ нэг цэгээс тавигдах шаардлагын дагуу үйлчлүүлэгчдэд хүрэх зэрэг үр дүнд хүрнэ гэж тооцож байгаа хэмээн аймгийн Засаг даргын орлогч Ц.Бат-Өлзий хэллээ.

Одоогоор хөдөөгийн 8 сум, 1 тосгоны 48 албан байгууллага, 61 аж ахуйн нэгж байгууллага, 87 айл өрхийг 6 тусгай зөвшөөрөл эзэмшигч, орон нутгийн өмчийн болон хувийн хэвшлийн байгууллагууд хавтгай дөрвөнжин, шоо метр гэсэн хоёр янзын хэмжээсээр талбайн эзэлхүүнийг тооцон нэг бүрийг нь 1200–1500 төгрөгөөр хэрэглэгчдийг дулаанаар хангаж байгаа аж. Концессын зүйлийн жагсаалтад орсон 6 сумын 36 төсөвт байгууллага 29 аж ахуйн нэгж, 20 айл өрхийн дулаан хангамж, инженерийн байгууламж барихад 4,0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардагдана гэж тооцож байна.

Концессын гэрээгээр хийх төсөл, арга хэмжээг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлэн шийдвэрлэхийг  аймгийн Засаг даргад зөвшөөрчээ.

Холбоотой мэдээ