Баатарлаг дайчдынхаа гэгээн дурсгалыг хүндэтгэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-05-07 21:32:02

Сэлэнгэ /МОНЦАМЭ/Өдгөөгөөс 74 жилийн тэртээ хүн төрөлхтний хувьд баяр, гуниг, бахархлыг төрүүлсэн түүхэн үйл явдал тохиосон юм. Зургаан жилийн турш үргэлжилж олон арван сая хүний алтан амийг авч одсон дайн эцэслэж, ялалтын уухайгаар төгсөж байсныг дурсан санаж, баатарлаг дайчдынхаа гэгээн дурсгалыг хүндэтгэх ажиллагаа өнөөдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд боллоо.

Ёслолын ажиллагаанд Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга Г.Бямбаа, аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог, ОХУ-аас Дархан-Уул аймагт суугаа Ерөнхий консул Д.А.Цыденишиевич болон Алтанбулаг сум, Хиагтын районы удирдлагууд, Орос, Монголын чөлөөлөх дайны ахмад дайчид, төр захиргааны ахмад ажилтнууд, нутгийн ард иргэд оролцлоо.

Аймгийн удирдлагын багаас он цагийн эрхээр элэгдэж, хуучирсан Зөвлөлтийн дайчдын хөшөөг сэлгэн байршуулахаар шийдвэрлэж, шинэчлэн байгуулж өнөөдрийн хүндэтгэлийн үйл ажиллагаагаар нээлтийг нь хийлээ.

Энэ үеэр Аймгийн Нэгдсэн музей эх орны дайны үеийн гэрэл зургууд болон үзмэрүүдийг дэлгэн тавьж ард иргэд, хүүхэд залууст үзүүлэн танилцуулав. Эх орны дайны хүнд хэцүү цагт Монголын ард түмэн ах дүүгийн найрамдалт харилцаандаа үнэнч байж бүх талаар туслан дэмжиж, түүхэн баатарлаг ялалтыг байгуулахад зохих хувь нэмрээ оруулснаараа бахархаж явдаг юм.

Жилээс жилд дайнд оролцож явсан ахмад дайчдын тоо цөөрсөөр...
Монголчууд бид түүхэнд тодоор тэмдэглэгдэн үлдсэн энэхүү дайны ялалтыг авчрахад Оросын ард түмэнтэй дайны эхний өдрөөс эцсийн мөч хүртэл сэтгэл нэг байж "Хувьсгалт монгол” танкын цуваа, "Монгол ард” нисэх онгоцны эскадриль болон монгол морьд, сэтгэл санаа шингэсэн эд материалыг фронтод илгээж үнэтэй хувь нэмэр оруулж байсан түүхтэй билээ. 
Залуу хойч үе, хүүхэд багачууд маань 74 жилийн тэртээ алтан амиа өргөн байж энх цагийг бидэнд авчирсан тэрхүү баатарлаг дайчдынхаа гэгээн дурсгалыг үүрд хүндэтгэж, мөнхжүүлж явах учиртай.

 

Холбоотой мэдээ