Б.Явуухулангийн нэрэмжит яруу үгсийн наадам болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлаанбаатар /МОНЦАМЭ/. Төрийн шагналт, Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулангийн мэндэлсний түүхт 90 жилийн ой энэ жил тохиож байна. Их зохиолчийн өндөр ойд зориулан “Очирваанийн их эгшиглэн” яруу найргийн уралдаан зарлалаа.
Энэ удаагийн наадмыг Завхан аймгийн Засаг дарга, түүний Тамгын газар, Монголын Зохиолчдын эвлэл, Завхан аймгийн Утга Зохиолын нэгдэл, Алдархаан сумын Засаг даргын Тамгын Газар хамтран зохиож байна. Явуу найрагчийн нэрэмжит яруу үгсийн наадам хоёр үе шаттай явагдах юм. Уралдаанд шүлэг, яруу найраг сонирхон бичдэг хүн бүр оролцох боломжтой аж.
Эхний шалгаруулалтад оролцогчид сүүлийн таван жилд хэвлүүлсэн яруу найргийн номоо, Отгонтэнгэр-Очирваанийн орон, Хутагт хувилгаадын тухай бичсэн шүлэг, чөлөөт сэдвээр бичсэн нэгээс доошгүй шүлгийн хамт энэ сарын 24-ний дотор Монголын Зохиолчдын Эвлэлийн байранд хүргэж өгнө. Нэгдүгээр шатанд ирүүлсэн бүтээлээс шүүгчдийн бүрэлдэхүүн 36 шилдэг яруу найргийг шалгаруулна. Шилдгээр шалгарсан 36 найрагч зургадугаар сарын 6,7-нд Завхан аймгийн Л.Ванганы нэрэмжит Хөгжимт жүжгийн театрын тайзнаа шүлгээ уншина.
Энэхүү наадам нь “Жалханз хутагт Дамдинбазарын хишигт яруу найрагч”, “Дилаво хутагт Жамсранжавын хишигт яруу найрагч”, “Ялгуусан гэгээн Чимэдцэрэн хутагтын хишигт найрагч”, “Наробанчэн гэгээний хишигт яруу найрагч”, “Арь гэгээн Чанаравхутагтын хишигт найрагч”, “Хамба хутагтын хишигт яруу найрагч”, “Билэгт ламын хувилгаан Дашдорж хутагтын хишигт найрагч”, “Ачит ламын хувилгаан Вандандорж хутагтын хишигт найрагч”, “Буурал багшийн хувилгаан Аажаа гэгээн Г.Гэндэнжамц хутагтын хишигт найрагч”, “Буурал багшийн Хувилгааны хишигт яруу найрагч”, “ Андиа гэгээний хишигт яруу найрагч” гэсэн нийт 10 яруу найрагчийг шалгаруулж, тэргүүн байрын эзнийг Дорнын их яруу найрагч Б.Явуухулангийн “Хутагтын хишигт” яруу найрагчаар өргөмжлөх юм байна.