Нэгдүгээр ангид элсэх хүүхдийг даваа гарагаас бүртгэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
183@montsame.mn
2019-05-11 12:59:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. 2019-2020 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 38 262 хүүхэд элсэнэ. Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулиуд 2019-2020 оны хичээлийн жилд шинээр элсэн суралцах сурагчдыг ирэх даваа гараг буюу энэ сарын 14-27-нд бүртгэх юм байна. 

Энэ жил 2013 оны нэгдүгээр сарын 1-нээс 12 дугаар сарын 31-ний хооронд төрсөн хүүхдүүд нэгдүгээр ангид элсэнэ. Харин таван настай буюу 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн хүүхдийг бүртгэхгүй юм байна.

Хамран сургах тойргийн хүүхдүүдийг ямар нэг элсэлтийн шалгалтгүйгээр бүртгэж, элсүүлэх бөгөөд элсэгчдээс бүртгэлийн хураамж, төлбөр авахгүй. Бүртгэлийн явц, мэдээг тавдугаар сарын 17, 24-нд гаргах аж.

Нэгдүгээр ангид элсэх хүүхдийг бүртгүүлэхэд,

-Хүүхдийн төрсний гэрчилгээний эх хувь болон хуулбар,

-Эцэг, эх болон асран хамгаалагчийн  цахим  үнэмлэхний эх хувь болон хуулбар,

-3х4 хэмжээтэй нэг  хувь цээж зураг авч очих шаардлагатай аж. 

Холбоотой мэдээ