Цас орж, цасан шуурга шуурна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИНУлаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Алтайн уулс, Увс нуурын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутгаар өнөө шөнө, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон Сэлэнгийн саваар маргааш өдөр цас орж, цасан шуурга шуурч болзошгүйг Цаг уур, орчны шинжилгээний газар анхааруулж байна.
Энэ сарын 15-нд баруун болон говийн аймгуудын нутгийн
хойд, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 16-нд
баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 17-нд
баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр,
18-нд зарим газраар бороо, нойтон цас орно. Салхи 15,16-нд ихэнх нутгаар
секундэд 16-18 метр, 17,18-нд говь, тал хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20
метр, зарим үед секундэд 24 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Ихэнх
хугацаанд Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн
бэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө
7-12 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр
шөнөдөө 4-9 градус, өдөртөө 19-24 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус
хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 9-14 градус дулаан байна.