Хаврын мод тарих ажил үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2019-05-13 22:03:55

Дорноговь/МОНЦАМЭ/. Бүх нийтээр мод тарих үндэсний өдрийг угтаж аймгийн ЗДТГ, БОАЖГ, “Тохижилт-Сайншанд” хот тохижилтын газар болон бусад холбогдох байгууллагууд хамтран хаврын мод тарих ээлжит ажлыг тавдугаар сарын 11-нд зохион байгууллаа.

Энэ жил тус аймаг нийт 50 гаруй мянган мод тарихаар төлөвлөсөн бөгөөд үүнийг иргэд олон нийт, байгууллага аж ахуйн нэгжийн оролцоотойгоор тарьж буй.

Говьд ургахад тохиромжтой уд, улиас, хайлаас зэрэг модыг БНХАУ-ын ӨМӨЗО-ы Дархан муу мянганы хошуу 35000 ширхэгийг хандивласан аж.

Сайншандын нийтийн эзэмшлийн зам талбай, байгууллага аж ахуйн нэгжүүд өөрийн эзэмшлийн талбайд, иргэд  хашаандаа мод тарьж байгаа бол Хамарын хийдийн орчмын газруудад "Тохижилт-Сайншанд" хот тохижилтын газрын алба хаагчид мод суулгасан юм.

Дашрамд дурдахад,  2018 онд аймгийн хэмжээнд нийт 38 мянган ширхэг мод тарьж, ургалт 95 хувьтай байгаа талаар албаны хүн өгүүлэв.


Иргэдийн цэцэрлэгт хүрээлэнд 7000 гаруй мод суулгав



Аймгийн ИТХ-аас дөрвөн жилийн өмнө санаачилж байгуулсан иргэдийн цэцэрлэгт хүрээлэнд энэ хавар 7000 гаруй мод суулгав.

Байгалиа нөхөн сэргээх, ногоон байгууламжийг буй болгох, иргэдийн амралт  чөлөөт цагийг  үр дүнтэй өнгөрүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор байгуулж байгаа цэцэрлэгт хүрээлэнд Сайншанд сумын ЗДТГ, “Тохижилт-Сайншанд” хот тохижилтын газар, БОАЖГ, Дорноговь аймгийн МСҮТ, Сайншанд сумын ерөнхий боловсролын хоёр, тавдугаар сургууль, УБТЗ-ын Сайншанд дахь замын дөрөвдүгээр анги, Дорноговь аймгийн МАН-ын дэргэдэх НАМЗХ-ны төлөөлөл бүхий 230 гаруй хүн мод тарьсан юм.

Одоогоор Иргэдийн цэцэрлэгт хүрээлэнгийн эргэн тойронд хашаа барьж, худаг гаргасан бөгөөд цаашдаа усалгааны системийг суурилуулахаар төлөвлөжээ. Иргэдийн цэцэрлэгт хүрээлэн нь зураг төслийн дагуу цаашдаа жуулчдын амрах тав тухыг хангах үйлчилгээний хэсэгтэй, авто машины зогсоолтой, усан оргилууртай байх аж. Харин үүнд тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа юм.


Ногоон байгууламж технологийн сургалт зохион байгууллаа

Дорноговь аймгийн ИТХ, БОАЖГ хамтран Сайншанд сумын иргэд, хөдөлмөрчдөд “Ногоон байгууламжийн технологи”-ийн сургалтыг  “Соёмбо” цогцолборын “Иргэний танхимд”зохион байгууллаа.

Сургалтад  аймгийн ИТХ-ын дарга С.Түмэнбаяр, БОАЖГ-ын дарга Д.Сүрэн нар оролцож санал бодлоо хуваалцсан бол ногоон байгууламжийн технологийн сургалтыг аймгийн БОАЖГ-ын мэргэжилтэн С.Энхзориг хийв.

Сургалтаар уламжлалт болон орчин үеийн дэвшилтэт арга техникээр  бургас, гудамжны улиас, хайлаас, нарсыг хэрхэн ургуулж, орчны модны нөөцийг нэмэгдүүлж болох, мод тарихад анхаарах зүйлсийн талаар мэдээлэл өгч харилцан ярилцсан аж.

Дашрамд дурдахад, аймгийн ИТХ-аас өнгөрсөн дөрөвдүгээр сарын 19-22-нд говийн иргэдийн төлөөллийг БНХАУ-ын Эрээн хотод мод тарих, арчлах, ургуулах тухай сургалтад хамруулсан байна.



Холбоотой мэдээ