Д.Сарангэрэл: Томуугийн бэлэн байдлыг эртнээс ханган ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2019-05-15 16:36:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын ЭМЯ, ДЭМБ-ын хамтран зохион байгуулсан “Томуугийн зөвлөлдөх уулзалт"-аар өнгөрсөн жилийн томуугийн дэгдэлтийн үеийн сургамж, бэрхшээлийг дүгнэн хэлэлцэв. Томуугийн улирлыг угтуулан авах арга хэмжээг олон салбарт хамтран төлөвлөж, бэлэн байдлаа эртнээс ханган ажиллахад чухал үүрэг гүйцэтгэнэ гэж салбарынхан үзэж байна.


Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хэлэхдээ, “Манай орны хувьд, хүйтэн сэрүүний улирал, агаарын бохирдлын улмаас томуу, томуу төст өвчин дэгдэж, хүүхдийн эмнэлгийн ор, эм хүрэлцэхгүй болж, эмч сувилагчдын ачаалал эрс нэмэгддэг дүр зураг давтагдсаар нэлээд хэдэн жил болж байна. Тухайлбал, 2018-2019 оны томуугийн улирлын оргил үед нийслэлийн хүүхдийн тасгийн  977 орон дээр 1700 хүүхэд эмчлүүлж ачаалал 74 хувиар хэтэрсэн ч ор нэмэх, насанд хүрэгчдийн орыг шилжүүлэх, зарим эмнэлгийг хүүхдийн тусламж үйлчилгээнд шилжүүлэх, эмч эмнэлгийн мэргэжилтний илүү цагийн хөлсийг засгийн нөөц хөрөнгөөс олгох, шаардлагатай эм тариа, эмнэлгийн хэрэгслээр хангасны үр дүнд хохирол багатай даван туулсан. Мөн томуугийн улирлыг угтуулан 125.000 хүн/тун томуугийн вакцинаар эрсдэлт бүлгийн хүн амыг дархлаажуулсан нь нийт хүн амын зөвхөн 4 хувь нь юм. Гэвч ДЭМБ хамгийн багадаа хүн амынхаа 40 хувийг томуугийн эсрэг вакцинаар дархлаажуулахыг зөвлөдөг. Иймээс бид энэ асуудлыг Улсын онцгой комиссын хуралд танилцуулан 1.4 сая хүн/тун вакцинд шаардлагатай 10.0 тэрбум төгрөгийг 2020 оны улсын төсөвт тусгуулахаар Сангийн яаманд хүргүүлээд байна. Улирлын томуугаас гадна бидний байнга анхаарах асуудал бол томуугийн цар тахал бөгөөд 2018 онд ДЭМБ-ын Номхон далайн баруун бүстэй хамтран томуугийн “Пан стоп” ширээний дасгал сургуулилтыг амжилттай зохион байгуулсан. Мөн ирэх 8 дугаар сард ДЭМБ-ын Зүүн өмнөд Ази, Номхон далайн баруун бүсийн томуугийн үндэсний төвийн 13 дугаар зөвлөгөөнийг манай улсад анх удаа зохион байгуулна. Зөвлөгөөнийг зохион байгуулахад ЭМЯ болон миний бие бүх талаар дэмжин, хамтран ажиллана” хэмээв. 

ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Сергей Диордица, “Томуу нь түгээмэл өвчин боловч олон салбар, нийгмийн бүх давхаргыг хамарсан цогц ужиг асуудал юм. Panstop томуугийн дасгал сургуулилтаас гарсан нэг чухал дүгнэлт нь томуугийн бэлэн байдлын төлөвлөгөө зөвхөн эрүүл мэндийн салбарын асуудлыг тусгасныг онцолсон. Томуугийн улирлыг угтуулан салбар хоорондын харилцан хамаарал, нийгэм, эдийн засаг, орчин, хүн ам зүйн олон хүчин зүйл, үр дагаврыг судалж цогц байдлаар хэлэлцэж байгаа нь эрүүл мэндийн салбарын удирдлагын манлайллыг илтгэж байна. ЭМЯ дасгал сургуулилтаас гарсан зөвлөмжийг хэрэгжүүлэхэд томоохон ахиц дэвшил гарган ажиллаж байна. Тухайлбал, гамшгаас хамгаалах эрүүл мэндийн улсын албаны журмаа шинэчилж, гамшгаас хамгаалах төлөвлөгөөг анх удаа олон салбар, иргэд, олон улсын байгууллага, хувийн хэвшилтэй хамтран шинэчлэн боловсруулж байгаа нь чухал ач холбогдолтой юм” гэв.    

    

Уулзалтад “Номхон далайн баруун бүсийн томуугийн цар тахлын бэлэн байдал” сэдвээр ДЭМБ-ын зөвлөх Масаяа, “Монгол орны улирлын томуугийн тархвар зүйн онцлог, сургамж” сэдвээр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү нар үндсэн илтгэл тавив. Мөн “Гамшгаас хамгаалах Эрүүл мэндийн улсын албаны төлөвлөгөөний шинэчилсэн төсөл”-ийг ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл танилцуулж, уулзалтад оролцогчид төлөвлөгөөг боловсронгуй болгохын тулд бүлгээр ажиллаж санал бодлоо тусгалаа.    


Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ