Долоон настай охины дөрвөн хурууг тасалжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-05-15 18:40:27
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Долоон настай охины дөрвөн хурууг тасалсан сэжигтнийг цагдаагийн байгууллага шалгаж байна. 


Тодруулбал, өчигдөр 22.25 цагт “Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны нутагт бага насны хүүхэд бусдад зодуулж байна” гэх дуудлага цагдаагийн шуурхай албаны 102 утсанд ирсэн байна. Дуудлагын дагуу харьяа цагдаагийн хэлтсийн жижүүрийн шуурхай алба хэргийн газарт очиж шалгахад, долоон настай охины дөрвөн хуруу тасарсан байжээ.


Энэ хэргийн талаар ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүүгээс тодруулав. Тэрбээр “Урьдчилсан байдлаар, хэрэгт холбогдуулан охины нагац ах, 51 настай "Ш" гэгч этгээдийг саатуулж, бусдын биед хүнд хохирол учруулсан гэх үндэслэлээр шалгаж байна. Тухайн иргэн хэрэг үйлдэхдээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болох нь тогтоогдсон. Хохирогчийг ГССҮТ-д яаралтай хүргэсэн. Мөн шүүх шинжилгээний хэлтэс гэмтлийн зэрэг тогтоохоор ажиллаж байна. Охиныг өмнө нь хүчирхийлж байсан эсэх асуудлыг нарийвчлан шалгаж, гэмтлийн зэрэг тогтоосны дараа гэмт этгээдэд хуулийн хариуцлага хүлээлгэнэ” гэв. 


ГССҮТ--д өчигдөр 23 цагийн орчимд охиныг хүргэсэн байна. Хуруу залгах хагалгааг шөнийн 02.15 цагт эхэлж, өнөөдөр 13 цагийн орчимд дууссан тухай ГССҮТ -ийн Бичил мэс заслын эмч Д.Даваажаргал хэллээ. Тэрбээр, “Охины баруун гарын нэг, хоёрдугаар хуруу нэг хоёрдугаар үеэрээ тасарсан, зүүн гарын гурав, дөрөвдүгээр хуруу нэг хоёрдугаар үеэрээ бүрэн тасарсан байсан. Мөн гуя нь том хэмжээтэй түлэгдсэн байсан. Толгой дахь өнгөц бэртэлд оёдол тавьсан. Хуруунууд сэргэх магадлалтай, одоогоор эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байна” гэв.

Холбоотой мэдээ