Автотээврийн салбарын эрх зүйн орчинг олон улсын жишигт нийцүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-05-15 18:36:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас энэ оны дөрөвдүгээр сарын 23-нд өргөн мэдүүлсэн Автотээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ.


Гадаад орнуудтай харилцах Монгол Улсын эдийн засгийн хамтын ажиллагаа өргөжиж байгаа энэ үед автотээврийн ангилал, дамжин өнгөрөх тээвэр, уул уурхайн тээвэр, авто зам дагуух үйлчилгээ, автомашин үйлдвэрлэл зэргийг хөгжлийн чиг хандлагад нийцүүлэх шаардлага гарсныг БХБ-ын сайд Х.Баделхан төсөл санаачлагчийн илтгэлдээ дурдлаа.


Тэрбээр, “Монгол Улсад автотээврийн хэрэгслийг шинээр угсарч байгаа хэдий ч автомашин үйлдвэрлэлийн эрх зүйн орчин бүрдээгүй байна. Хуурамч сэлбэг хэрэгслийг улсын хилээр оруулах, стандартын шаардлага хангаагүй нөхцөлд засвар үйлчилгээг явуулах зөрчлийг таслан зогсоохын тулд бүтээгдэхүүн, үйлчилгээнд тохирлын үнэлгээ хийж баталгаажуулах шаардлага үүссэн. Мөн уул уурхайн тээвэртэй холбоотой харилцааг тусгай журмаар зохицуулах, нэгдсэн удирдлага зохицуулалтаар хангах эрх зүйн орчинг бүрдүүлэх шаардлага үүссэн. Автотээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг баталснаар олон улсын болон бүс нутгийн нийтлэг жишиг, ирээдүйн чиг хандлагад нийцсэн эрх зүйн таатай орчин бүрдэнэ. Мөн автомашин, түүнийг сэлбэг хэрэгсэл угсрах, үйлдвэрлэх болон ашиглалтаас гарсан тээврийн хэрэгслийг устгах, дахин боловсруулах үйлдвэрлэл хөгжих юм. Ачаа, зорчигч тээвэрт тавих шаардлага, нөхцөлийг сайжруулж, хариуцлагын тогтолцоог нэмснээр иргэдэд аюулгүй, ая тухтай үйлчилгээг үзүүлэх эрх зүйн зохицуулалттай болох юм. Тээврийн хэрэгсэл түүний засвар, үйлчилгээ, үйлдвэрлэл, бүртгэлд тавих шаардлагыг нарийвчлан зохицуулна. Ингэснээр агаарын бохирдол, зам, тээврийн осол, зөрчил, эд материалын хохирлын хэмжээ буурна” гэлээ.


Уг хуулийн төслийг хэлэлцэхийг байнгын хорооны гишүүдийн 60 хувь дэмжиж, чуулганд танилцуулах болсон юм.

Холбоотой мэдээ