Ложистикийн долоо хоног эхэлээ

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2019-05-21 14:44:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын зам, тээвэр, ложистик (тээвэр зуучийн)-ийн ажиллагааг олон нийтэд хүргэх зорилготой “Логистикийн 7 хоног” эхэллээ.

Тавдугаар сарын 20-26-нд болж буй долоо хоногийн ажиллагааг ЗТХЯ, "GS1 Mongolia" нийгэмлэг, УБТЗ, “Монголын төмөр зам” ТӨХК, “Монгол экспресс”, “Алтайн логистик” зэрэг тээвэр, ложистикийн салбарын тэргүүлэх байгууллага, ААН-үүд зохион байгуулан оролцож байна. Долоо хоногийн хүрээнд "Хуурай боомтын хөгжил ба шийдэл" сэдэвт эрдэм шинжилгээний бүтээлийнуралдаан болж өнөөдөр шилдгүүдээ тодруулан дээрх байгууллага, компаниудын нэрэмжит шагналыг гардууллаа.

“Ложистикийн 7 хоног” маргааш тавдугаар сарын 22-нд Автотээврийн үндэсний төвд болох “Хуурай боомтын хөгжил ба шийдэл” сэдэвт чуулган, хэлэлцүүлгээр үргэлжилж, 24-25-нд Улаанбаатар-Замын Үүд-БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотын чиглэлд танилцах аялал, ложистикийн сургалтаар өндөрлөх юм.




“Хуурай боомтын хөгжил ба шийдэл” сэдэвт чуулганд салбарын яамд, агентлаг, мэргэжлийн холбоодын төлөөлөл, хувийн хэвшлийн бизнес эрхлэгчид, их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын төлөөлөл оролцож, хэлэлцүүлэг өрнүүлэн зөвлөмж гаргах юм.

“Ложистикийн 7 хоног”-ийг Монгол Улсын зам, тээвэр, ложистикийн салбарын хөгжил, цаашдын чиг хандлага, улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд тухайн салбарын үзүүлэх нөлөөлөл, дотоод, гадаадын тэргүүн туршлагыг түгээн судалж, олон нийтэд хүргэх зорилгоор зохион байгуулдаг аж.

Б.Болд

Холбоотой мэдээ