Ирэх оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-05-21 15:35:01
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон “Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичиг батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцэв.   


Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй. Харин Байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн, тогтоолын төслийн хавсралтын “Агуулга” -ыг хасаж, “Өмнөтгөл” хэсгийн нэрийг “Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2020 оны стратегийн баримт бичиг” гэж өөрчлөх, мөн төслийн агуулга, бодлого, зарчмыг өөрчлөхгүйгээр найруулга, үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засвар хийх зарчмын зөрүүтэй санал гаргасан. Энэхүү саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 54.5 хувь нь дэмжив. 


Ингээд Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Холбоотой мэдээ