Европын нээлттэй өдөрлөг энэ сарын 26-нд болно

Монголын мэдээ | Нийгэм
ariunbold@montsame.mn
2019-05-22 12:21:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газраас энэ сарын 26-нд Сүхбаатарын талбайд “Европын нээлттэй өдөрлөг"-ийг анх удаа зохион байгуулна.


Өдөрлөг 10.00-18.00 цагт болох бөгөөд тус өдөрлөгийн үеэр Европын Холбооны гишүүн орнуудын соёл уламжлалтай танилцах, үндэсний хоол, амттанаар дайлуулж, урлагийн тоглолт үзэх өргөн боломжийг иргэдэд олгох юм байна. Мөн Европын холбооны санхүүжилтээр Монгол Улсад хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд, аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа танилцуулна. Түүнчлэн Европын холбооны гишүүн улсууд руу аялах боломж, шенгений виз хэрхэн авах талаар дэлгэрэнгүй зөвлөгөө, мэдээлэл өгөх аж.


Европын холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Траян Лауренцю Христеа манай агентлагт өгсөн ярилцлагадаа, “Өдөрлөгт ирсэн иргэд Европын Холбооны татвар төлөгчдийн мөнгийг яагаад Монгол Улсад зарцуулж байгаа талаар ойлголт авах боломжтой. Бид энэхүү өдөрлөгөөр европ болон монгол хүмүүсийн харилцааг илүү ойртуулна гэж найдаж байна” хэмээсэн юм.

Холбоотой мэдээ