Найман цөмт процессортой шинэ “MacBook Pro”-г танилцууллаа

Дэлхийд | Нийгэм
Jargal.d@montsame.mn
2019-05-22 14:42:47

НЬЮ-ЙОРК. /TASS/. Америкийн “Apple” корпорац “MacBook Pro” зөөврийн компьютерийнхаа шинэчилсэн загварыг танилцуулсан байна.


Тус компанийн цахим хуудсанд нийтлэгдсэн мэдээллээс үзвэл, шинэчилсэн “MacBook Pro”-д найм дахь болон ес дэх үеийн “Intel” процессор суурилуулах аж. Ийм процессор суурилснаар өмнөх загваруудаас хамаагүй хурдан болох аж. Хэмжээний хувьд урьдын адил 13 болон 15 инч байх бөгөөд хэрэглэгчид “мөнгөлөг” болон “хар саарал” гэсэн хоёр өнгөнөөс сонголт хийх боломжтой.


Арван таван инчийн “MacBook Pro” нь зургаагаас найман цөмт процессортой байх бол 13 инчийнхэд нь дөрвөн цөмт процессорын шинэчилсэн хувилбарыг суурилуулах аж. Мөн өмнөх загваруудын адилаар шинэ компьютерууд “Touch Bar” мэдрэгч дэлгэцэн хавтантай байх юм.


1976 онд байгуулагдсан “Apple” компани нь “iPhone” ухаалаг гар утаснуудаас гадна, “iPad” таблет компьютер, “iMac” компьютер, “MacBook” зөөврийн компьютер, “iPod” хөгжим тоглуулагч болон өндөр технологийн бусад төхөөрөмжүүдийг үйлдвэрлэдэг. Купертино хотод төвтэй тус корпорац нь дэлхийн томоохон компаниудын нэгд тооцогддог бөгөөд зах зээлийн үнэлгээ нь 2018 оны намар нэг их наяд ам.доллароос давсан боловч одоогийн байдлаар 840 тэрбум ам.долларт хүрч буурчээ.


Холбоотой мэдээ