Г.Занданшатар: Банкууд санхүүгийн бус салбарт хутгалдаж яав ч таарахгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-05-22 18:35:58
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын дарга Г.Занданшатар Монголбанкны ажилтай өнөөдөр танилцав. Төв банкны алдагдлын хэмжээ гурван их наяд хүрээд байсныг 1.2 их наядаар бууруулж, сүүлийн хоёр жилд ашигтай ажилласан тухай Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан мэдээлэв.


Тэрбээр, Банкны салбарын гол хуульд өөрчлөлт оруулж, эрх зүйн шинэ орчин бүрдүүлсэн гэдгийг онцлоод, ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд банкны салбарт бүтцийн өөрчлөлт хийснийг дурдав. Мөн гадаад валютын нөөц нэг тэрбум ам.доллар байсныг дөрөв дахин нэмж, 3.8 тэрбумд хүргэснийг Монголбанкнаас сүүлийн гурван жилд явуулсан бодлого, ажлын гол үр дүн хэмээн үзэж буйг тэмдэглэлээ.


Гэвч Мөнгө угаахтай тэмцэх, санхүүгийн хориг арга хэмжээ хэрэгжүүлэх байгууллага /ФАТФ/-ын “саарал жагсаалт”-д орохоос сэргийлэх, 2020-2024 он буюу дунд хугацаанд хүлээгдэж буй гадаад өр, төлбөрийг барагдуулах боломжийг бүрдүүлэх арга хэмжээ авах, валютын ханшийг тогтворжуулах, инфляцийг бууруулах зэрэг томоохон сорилт хүлээж байгааг Н.Баяртсайхан онцоллоо.



УИХ-ын дарга Г.Занданшатар, "Мөнгөний бодлого, сангийн бодлоготойгоо уялдах ёстой. Үүнд Монголбанк, Сангийн яам чухал үүрэгтэй. Импортыг орлох үйлдвэрлэлийг дэмжиж, валютын нөөцөө нэмэгдүүлэх нэгдсэн бодлого баримтлах шаардлагатай. Монгол Улсын мөнгөн хөрөнгийн 95 гаруй хувь нь банкны салбарт төвлөрсөн. Гэтэл банкууд санхүүгийн үйлчилгээ үзүүлэхээс илүүтэй өөр бизнест хутгалддаг, банкны эзэд олон нийтийн хөрөнгөөр бусдын бизнесийг булаадаг, оролцохгүй салбар, бизнес байхгүй болсон тухай ярих боллоо. Ийм байж таарахгүй учраас хуулийн зохицуулалт, Монголбанкны хяналт чухал. УИХ-аас Төв банкаа байнга дэмжиж, салбарын тулгуур хуулийг шинэчлэн баталсан ч үр дүнд хүрэхгүй байна. Иймд арилжааны банканд тавих хяналтаа идэвхжүүлж, эрсдэл, засаглалын үнэлгээг сайжруулах шаардлагатай байна гэв.


Тэрбээр  банкны салбарт хүлээгдэж буй Активын удирдлагын тухай, Валютын зохицуулалтын тухай, Векселийн тухай зэрэг хуулийг яаралтай батлуулах нь зүйтэйг тэмдэглэж, Төв банк мөнгөний бодлогоо бие даан явуулж, олон улсын санхүүгийн байгууллагын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, “саарал жагсаалт”-д хэрхэвч орж болохгүйг санууллаа.


Энэ үеэр, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар, банк, санхүүгийн салбарын бүтцийн болон хууль, эрх зүйн өөрчлөлтийг цаашид гүнзгийрүүлэх, шаардлагатай хуулиудыг хугацаа алдалгүй батлан гаргах, мөнгөний зөв бодлого явуулах чиглэлээр Төв банктайгаа Байнгын хороо идэвхтэй хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ. Мөн тэрээр, “төрийн чухал байгууллагад шилдэг боловсон хүчин ажиллах ёстой” гэдгийг сануулав. 

Холбоотой мэдээ