Эдийн засгийн чуулган есдүгээр сард болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-05-22 20:05:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Жил бүр болдог “Монголын Эдийн засгийн чуулган”-ыг энэ удаа есдүгээр сард зохион байгуулахаар тус чуулганыг зохион байгуулагчид хуралдан шийдвэрлэжээ.

Хуралд “Монголын эдийн засгийн форум ТББ, Дэлхийн банкны группийн Олон улсын санхүүгийн корпораци, Монголын Уул уурхайн үндэсний ассоциаци, Монголын бизнесийн зөвлөл, Америк-Монголын худалдааны танхим, Улаанбаатар хотын худалдааны танхим зэрэг байгууллагын төлөөлөл оролцлоо.

Хурлаар өнгөрсөн онуудын эдийн засгийн чуулганы үр дүнгийн талаар хэлэлцэж, цаашид чуулганы ажиллагааг шинэчлэн зохион байгуулах талаар санал бодлоо солилцлоо. Тодруулбал, Эдийн засгийн чуулганаар хэлэлцэх асуудлаа урьдчилан тогтож байх, бодит судалгааны үр дүнд тулгуурлах, чуулганаас гарсан санал зөвлөмжийн хэрэгжүүлэх талаар ажиллаж, үр дүнг олон нийтэд танилцуулдаг байх нь чухал гэдгийг онцоллоо. “Монголын эдийн засгийн чуулган”-ыг жилд нэг удаа зохион байгуулах бус байнгын ажиллагаатай, олон талт хэлэлцүүлгийг тасралтгүй явуулдаг байх нь зүйтэй гэж үзлээ.

Улмаар энэ оны үндсэн чуулганыг 2019 оны есдүгээр сард зохион байгуулахаар ажлын хэсэг урьдчилан тохирч, чуулганыг угтаж энэ оны тавдугаар сараас эхлэн хэд хэдэн удаагийн хэлэлцүүлэг өрнүүлэн чуулганаар хэлэлцэх үндсэн сэдэв, уриа, урих зочид төлөөлөгчдийг сонгохоор шийдвэрлэлээ.

Тус чуулган жил бүр Монгол Улсын эдийн засаг, нийгэмд тулгамдаж буй сэдвээр хөндөн ярилцаж мэдээлэл солилцдог, өргөн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлдэг төр, хувийн хэвшлийн хэлцлийн том индэр болж ирсэн юм. 

Б.Болд

Холбоотой мэдээ