Л.Энх-Амгалан: Монгол инженерийг “экспортлох” цаг ойрхон байгаа

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.mn
2019-05-23 17:01:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан Японы Ибараки мужийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь Япон-Монголын найрамдлын бүлгийн дарга ноён Ицүка Акио тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.


Тус муж нь манай улстай хамтын ажиллагаагаа хөгжүүлээд 20 гаруй жил өнгөрсөн байна. Энэ удаагийн айлчлалын хүрээнд 20 жилийн түүхт харилцаагаа өргөжүүлэн, хөгжүүлэх зорилготой байгаагаа ноён Ицүка Акио уулзалтын эхэнд хэлсэн юм. Түүнчлэн Ибараки муж нь хөдөө аж ахуй, газар тариалан эрхлэлт, боловсрол, шинжлэх ухааны салбарын хөгжлөөрөө Японд дээгүүрт ордог гэлээ. Хоёр улсын иргэд болон муж, аймгуудын харилцааг хөгжүүлэх нь цаашдын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал үүрэгтэй болохыг ч тэрбээр хэлсэн үгэндээ онцоллоо.


УИХ-ын дэд дарга, УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн дэд дарга Л.Энх-Амгалан гуравдагч хөрш Япон улстай тогтоосон найрсаг харилцаа, хамтын ажиллагаа бүх салбарт амжилттай хөгжиж байгаад баяртай байдгаа илэрхийлээд 1990 оны зах зээлийн шилжилтийн хүнд хэцүү цаг үед Япон Улсын Засгийн газраас эдийн засгийн тусламж, дэмжлэг үзүүлж байсныг дурдав. Мөн тэрбээр Японы угсаа залгамжлагч хунтайж Нарухитог хаан ширээнд заларч, шинэ “Рейва” тоолол эхэлсэнд баяр хүргэсэн юм. Тэрээр парламент хоорондын харилцаанаас илүүтэй орон нутаг, муж, аймгуудын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газруудын хамтын ажиллагааг ч хөгжүүлэх нь зүйтэйг уулзалтын үеэр тэмдэглэв.


Хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг улам өргөжүүлж, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд 2016 оноос хүчин төгөлдөр хэрэгжиж буй Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр чухал ач холбогдолтой. Мөн хөдөө аж ахуй, аялал жуулчлал, мэдээллийн технологийн салбарын хүрээг тэлэх, Монгол инженерүүдийг үе шаттай бэлтгэх, одоо хэрэгжүүлж байгаа Монголын 1000 инженер сургах хөтөлбөрт 400 оюутан хамрагдаад амжилттай суралцаж байгааг онцолж байлаа.



Японы Ибараки мужийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Япон-Монголын найрамдлын бүлгийн гишүүд Монголоос Японд гаргах ажиллах хүчний талаар ямар бодлого баримталж байгаа талаар асууж тодруулав.


УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан “Манай улс цөөхөн хүн амтай. Хөдөлмөрийн насны 1.3 сая хүнтэй учраас залуу ажиллах хүчээ мэдлэг шингэсэн салбарт ажиллуулах сонирхолтой байдаг. Ялангуяа үйлдвэрлэлийн шинэ салбаруудад залуусыг бэлтгэж, сургах хэрэгтэй. Ажиллах хүчийг гадагш явуулахад гэр бүлийн харилцаа, эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын шимтгэл зэрэг олон асуудлыг цогцоор нь шийдэх ёстой гэдгийг өмнөх туршлага харуулж байгаа. Цаашид гадаадад чадварлаг монгол инженерийг “экспортлох” цаг ойрхон байгаа гэдэгт эргэлздэггүй” гэв.

Холбоотой мэдээ