БНХАУ-аас манай улсад 24.5 сая ам.долларын ХАА-н техник нийлүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-05-23 17:25:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлтэй зээлээр хэрэгжүүлэх “ХАА-н бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих” төслийн нээлт өнөөдөр Тариалан эрхлэлтийг дэмжих санд боллоо.

Төслийн хүрээнд манай улсад бага оврын 186 трактор, хадлангийн зориулалттай 40 иж бүрдэл техник, таримал тэжээл үйлдвэрлэх зориулалттай мөн 20 иж бүрдэл техник, үр тариа, тэжээлийн таримлын 50-125 га талбайг услах 130 ширхэг, төмс, хүнсний ногооны 1-10 га талбайг услах 116 ширхэг дунд болон бага оврын бороожуулагч, жимс, жимсгэнэ услах 90 ширхэг дуслын усалгааны систем болон усалгааны хуванцар хоолойг тус тус нийлүүлээд байна.




Төслийн нээлтэд оролцсон ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, “Манай улсын газар тариалангийн үйлдвэрлэлд нэн хэрэгцээтэй байгаа техник, төхөөрөмжийг нийлүүлж байгаа нь үр тариа, төмс, хүнсний ногооны аж ахуй эрхлэж буй иргэд, ААН-үүдэд техникээ шинэчлэх, улмаар манай улсад эрчимжсэн мал аж ахуй, усалгааны тариаланг хөгжүүлэхэд томоохон дэмжлэг болох”-ыг онцлоод нийтдээ 24.5 сая ам.долларын техник нийлүүлж буйг хэлэв.  

“Техникийн төсөл хэрэгжсэнээр, манай улсын төмс, хүнсний ногооны тариалалтын техникийн хүчин чадал одоогийн түвшнээс 10 хувиар нэмэгдэж, жилдээ 100 мянган тонн хадлан, тэжээл, 10 мянган тонн таримал тэжээл бэлтгэх бололцоотой болж буй”-г мөн тэмдэглэлээ. Дээрх тооцоог ХХААХҮЯ-наас гаргасан байна. БНХАУ-аас нийлүүлж буй ХАА-н техник, тоног төхөөрөмжийг 10 хувийн урьдчилгаа төлбөртэй, хоёр хувийн хүүтэй нөхцөлөөр, найман жилийн хугацаагаар газар тариалан эрхлэгчдэд олгох юм. Техник нийлүүлэх төслийн нээлтэд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Шин Хайминь оролцлоо.

Б.Болд

Гэрэл зургуудыг Б.Чадраабал

Холбоотой мэдээ