“Улаанбаатар травэл экспо-2019” үзэсгэлэнг нээв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2019-05-24 15:16:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний аялал жуулчлалын “Улаанбаатар травэл экспо-2019” үзэсгэлэн өнөөдөр “Мишээл экспо”-д нээгдлээ.

Дотоодын аялагч, жуулчлагчдад зориулсан энэ удаагийн үзэсгэлэнг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат нээж хэлэхдээ, “Сүүлийн жилүүдэд манай иргэд хилийн чанадад болон Монголдоо их аялах болж байна. Эх орныхоо тусгай хамгаалалттай газар нутагт нийтдээ 200 мянга гаруй иргэн аялсан байна. Мөн өнгөрсөн онд 1.5 сая монгол иргэн гадаадад зорчсон байна. Манай дотоодын аялагч, жуулчдын тоо ийнхүү нэмэгдэж байгаа ч бид одоо иргэдийнхээ аяллыг эх орноо хайрлан, байгаль дэлхийгээ хамгаалахад анхаарах хэрэгтэй болоод байна. Энэ нь аялал жуулчлалын боловсролыг дээшлүүлэх явдал юм” гэдгийг онцолж байлаа.


Эх орон, байгалиа хайрлан хамгаалж аялахыг уриалж байна


Салбарын сайд хэлэхдээ, “Эх орондоо хайртай иргэн бүр үзэсгэлэнт төрөлх байгаль, уул, ус, ургамал, ан амьтнаа хайрлан хамгаалах сэтгэл зүрхтэй байж, байгаль дэлхийгээ  унаган төрхөөр нь хадгалан хамгаалж чадвал үр хүүхэд, хойч үедээ та бидний үлдээх үнэт өв байх болно. Тиймээс аялал жуулчлалын улирал эхэлж байгаатай холбогдуулан манай яамнаас нийт иргэндээ хандан байгаль орчинд хог хаягдлаа хаяхгүй, галын аюулаас сэрэмжилж, түүх, соёлын дурсгалыг хөндөхгүй, гэмтээхгүй аялж, тухайн нутгийн ёс заншил, уламжлалт зан үйлд хүндэтгэлтэй хандаж, байгальд ул мөргүй хариуцлагатай аялцгаахыг уриалж байна” гэсэн юмТэрээр үзэсгэлэнгийн үеэр БОАЖЯ олон улсын “Камелеон стратежис” компанитай хамтран “Mongolia.travel” аялал жуулчлалын цахим талбар (платформ)-ыг бий болгоод байгааг дуулгасан юм. Энэ талаар хэлэхдээ, “Бид шинэ технологи ашиглан дэлхийн хөгжилтэй зэрэгцэн алхаж байж хөгжинө. Энэ зорилгоор аялал жуулчлалын салбарын тоглогч талууд нэгдэн бүх нийтийг хамруулсан, нутгийн иргэдэд түшиглэсэн, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжийг нээж байна.


Аялал жуулчлалын цахим талбар (платформ)-тай боллоо


Өмнө нь бид аялал жуулчлалаа цахим сүлжээ ашиглан мэдээ, мэдээлэл, гэрэл зургаас хэтрэхгүй хязгаарлагдмал контентоор сурталчилдаг байсан бол одоо хиймэл оюун ухаан бүхий платформыг ашиглан иргэн бүр контент бүтээгч болох боломжтой болж байгаа юм. Мөн гадаадын иргэд Монгол Улсад аялаад ямар сэтгэгдэлтэй байгааг үндсэн платформ дээрээ татан авч хариу сурталчлах боломжтой болж байна. Ингэснээр илүү өргөн цар хүрээнд том агуулгаар хүнээс хүнд хүрсэн сурталчилгаа хийх боломжтой болж байна” гэсэн юм.


Нөгөө талаас, монгол платформоос гадна олон улсын нэгдсэн төсөл буюу “Торгоны зам”, “Цайны зам”, “Их Түмэн гол санаачилга”, Төв Азийн орнууд гэх утгаараа Монгол Улс илүү олон чиглэлээр сурталчлах боломжийг бүрдүүлсэн ухаалаг онлайн талбар болж байгааг онцолсон юм.

Үзэсгэлэнгийн үеэр, дотоодын аялагч, амрагчдад зориулсан зөвлөгөө лекц, хэлэлцүүлэг болж байна. Энэ жил аялахаар төлөвлөж буй түүхэн дурсгалт болон байгалийн сайхан газруудтай холбоотой маршрутын цогц мэдээллийг нэг дор авч, үйлчлүүлэх боломжийг энэ удаагийн үзэсгэлэн өгч байна.

Б.Болд

Гэрэл зургуудыг Н.Батбаяр

Холбоотой мэдээ