Ө.Энхтүвшин: Ахмадынхаа оролцоог хангах боломжийг эрэлхийлэх нь залуу үеийнхний үүрэг

Монголын мэдээ | Хууль
munkhbaatar@montsame.mn
2019-05-25 15:10:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Орхон аймагт өнөөдөр эхэлсэн Онцгой байдлын байгууллагын амхда, дунд, залуу үеийнхний дөрөвдүгээр чуулга уулзалтад  Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин өөрийн илгээлтээ ирүүлсэн байна. Түүний ирүүлсэн илгээлтийг ОБЕГ-ын Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Л.Болдбаатар чуулганд оролцогчдод уншиж танилцууллаа.



Илгээлтэд “ Өнөөдрийн чуулга уулзалт нь Онцгой байдлын байгууллага нэгдсэн тогтолцоонд шилжиж, үүсгэн байгуулагдсаны 15 жилийн ойн босгон дээр, анх удаа хөдөө орон нутаг Орхон аймагт зохион байгуулагдаж байгаагаараа онцлог болж байна. 


Мөн залуу халуун насаа эх орон ард түмэндээ зориулж, өнөөгийн энэхүү хөгжлийг авчирсан ахмад үеийнхэн, тэдний үйл хэргийг нэр төртэй залгамжлан авч яваа залуу, хойч үеийнхний хамтын ажиллагааг улам бэхжүүлэх, үе үеийн алба хаагчдын санал бодлыг сонсон, алдаа оноогоо хэлэлцэж, цаашдынхаа чиглэлийг тодорхойлоход өнөөдрийн чуулганы зорилго оршиж байна.


Ард иргэдийнхээ аюулгүй байдлыг сахин хамгаалдаг нэр хүндтэй бөгөөд хариуцлагатай албаныхаа төлөө цаг үргэлж санаа тавьж, цаашид улам их хөгжүүлэхийн төлөө Онцгой байдлын байгууллагын ахмад үеийнхэн үргэлж идэвх санаачилга гарган ажиллаж байдагт миний бие байнга талархаж байдаг.


Монголчууд бид ахмад настнаа хүндлэн дээдэлж, тэднээсээ цаг үргэлж суралцаж ирсэн оюуны арвин их өв, уламжлалтай, гайхамшигтай соёлын өвтэй ард түмэн билээ.


Иймд ахмадуудынхаа түүхэн замнал, алдар гавьяа, ололт амжилт арвин их баялаг туршлагаас суралцах, тэднийхээ нийгмийн асуудлыг шийдвэрлэх, аливаа үйл ажиллагаанд ахмадуудынхаа оролцоог хангах боломжийг байнга эрэлхийлж байх нь залуу хойч үеийнхний үүрэг юм. Мөн чуулга уулзалтаас гарсан зөвлөмжийг ажил амьдралдаа хэрэгжүүлж, дараагийн уулзалтад хийсэн ажилтай, хэлэх үгтэй ирэх нь энэхүү чуулга уулзалтын үр дүнг илэрхийлэх юм.


Онцгой байдлын алба нь төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх, эрдэнэт хүний амь нас, эд хөрөнгө, хүрээлэн буй орчин, түүх соёлын үнэт зүйлсийг гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах хамгаалах үүргээ нэр төртэй гүйцэтгэж Монгол Улсад төдийгүй олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байгууллага болон хөгжиж байгаа нь ахмад, дунд, залуу үеийн гурван цагийн хэлхээ болсон Та бүгдийн хамтын хөдөлмөрийн үр дүн билээ.


Өргөсөн тангарагтаа ямагт үнэнч байж, эргэх дөрвөн цаг дор эр зориг, тэсвэр хатуужил гарган эх орон, ард түмнийхээ төлөө нэгэн үзүүрт сэтгэлээр зүтгэж байдаг та бүхний ариун үйлсээр ирээдүй хойч үеийнхэн үргэлж бахархаж байх болно гэдэгт эргэлзэхгүй байна.  


Чуулга уулзалтын үйл ажиллагаанд амжилт хүсэж, Та бүхэнд болон гэр бүлд тань эрүүл энх, аз жаргал, ажлын их амжилтыг хүсэн ерөөе” гэжээ.

Холбоотой мэдээ