“Сити тур” аяллынхан урлагийн тоглолтоор ч үйлчилнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-05-27 14:25:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд ирсэн гадаад, дотоодын жуулчид, аялагчдад үйлчилдэг “Сити тур” автобустай аялал өнөөдөр эхэллээ. Дэлхийн жишигт нийцсэн үйлчилгээг үзүүлэх зорилгоор, Нийслэлийн Аялал жуулчлалын газраас “Сити тур” аяллыг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна.

Тус аяллаар, амралт, чөлөөт цагаа ая тухтай өнгөрүүлэхийг хүссэн нийслэлийнхэн болон хөдөө орон нутгийн иргэдээс эхлээд гадаадын жуулчдыг 380 жилийн түүхтэй нийслэл хотын дурсгалт газрууд, хөгжил дэвшилтэй танилцуулах юм хэмээн зохион байгуулагчид нь мэдэгдлээ.

Мэргэжлийн хөтөч, 45 хүний суудалтай автобусаар 10 дугаар сарын 31 хүртэл өдөр бүр жанжин Д.Сүхбаатарын талбайгаас Үлэг гүрвэлийн музей, Гандантэгчинлэн хийд, Зайсан толгой, Будда парк, Эвсэг үйлдвэр, Богд хааны музей, Монголын хүүхдийн ордон гэсэн чиглэлд тойрон аялуулж байх юм.

Энэ жил “Сарны чулуу чуулгатай хамтран ажиллаж буйгаараа онцлог аж. Тодруулбал, орой бүр 18:00 цагаас Хүүхдийн ордонд аялагчдад зориулсан урлагийн тоглолт “Сити тур-2019”-ын хөтөлбөрт нэмэгдэж байна.  

Сити тур”-ээр аялах иргэд, жуулчид тус аяллын автобусны тасалбарыг Жуулчны мэдээлэл, сурталчилгааны бүх төвөөс авах боломжтой. Төвүүдийг дурдвал,

  • Нийслэлийн засаг захиргааны 4-р байр (Бага тойруу, 4-р хороо, Чингэлтэй дүүрэг)
  • “Монгол гэр”, ( “Гэрэлт гудамж”, Сөүлийн гудамж-42, 4-р хороо Сүхбаатар дүүрэг),
  • Монгол шуудангийн байр, (1 давхар, Сүхбаатарын талбай, 1-р хороо) Чингэлтэй дүүрэгт тус тус байрлаж байна.

Б.Халиун

Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ