Хөхүүрийн хэрэглээг нэмэгдүүлэх, цагаан идээ үйлдвэрлэгч сум болох зорилт дэвшүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-05-27 23:29:44
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Говь-Угтаал сумын ЗДТГ-аас Малчдын зөвлөгөөн зохион байгуулж, 200 гаруй малчин оролцож, хөхүүрийн хэрэглээг нэмэгдүүлэх, цагаан идээ үйлдвэрлэгч сум болох зорилт дэвшүүлжээ.

Тус зөвлөгөөнд Малчин телевизийн  сэтгүүлч, цаг уурч Д.Шагдарсүрэн, Хөдөө аж ахуйн ухааны доктор О.Батсүх, аймгийн Мал эмнэлгийн газрын дарга Ш.Мөнхдүүрэн, мэргэжилтэн Г.Азжаргал нар болон холбогдох байгууллагууд оролцож, “Хөх савны хэрэглээг халж, хөхүүрийн хэрэглээг нэмэгдүүлэх нь”, “Амьдрах ухаан, мал маллагаа”, “Хуванцар савны хор уршиг”, “Хоршооны тухай ойлголт”, “Ноосны урамшуулал”  зэрэг сэдвээр мэдээлэл өгч, хэлэлцүүлэг өрнүүлсний үр дүнд малчин өрх бүр хөхүүрээ хэрэглэдэг болох, цагаан идээ үйлдвэрлэлийн гарцыг нэмэгдүүлэх, “Могол ноос” компанитай  хамтран ажиллах, эсгийний үйлдвэрлэл байгуулах шийдвэрүүдийг гаргажээ.

Зөвлөгөөний үеэр авьяаслаг малчдаа тодруулж, хамгийн олон ном уншсан болон хорт зуршлаа орхисон малчдаа урамшуулсан бөгөөд  мэргэжлийн гэрэл зурагчин, явуулын ахуй үйлчилгээгээр үйлчилжээ.

2018 оны эцсийн мал тооллогын дүнгээр тус сум 187,5 мянган мал тоолуулсан бөгөөд 272 малчин өрхтэй. Түүнээс 1000-аас дээш малтай 60 гаруй өрх байдаг ажээ.  

Холбоотой мэдээ