Манай улсын 17 мянган цэрэг энхийг сахиулжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2019-05-28 16:05:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Жил бүрийн 5 дугаар сарын 29-нийг НҮБ-аас “Олон улсын Энхийг сахиулагчдын өдөр” болгон тэмдэглэдэг. Энэхүү өдөрт зориулсан баярын хурал, хүндэтгэлийн тоглолт Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгад өнөөдөр болов.

Дэлхий дахины энх тайван, аюулгүй байдлыг хангах үйл хэрэгт манай улс идэвхтэй оролцож 2002 оноос давхардсан тоогоор 17000 орчим "цэнхэр дуулгатан"-ыг энхийг дэмжих ажиллагаанд илгээн үүрэг гүйцэтгүүлээд байна.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Олон улсын Энхийг сахиулагчдын өдөр”-ийн баярын хуралд оролцож, Зэвсэгт хүчний жанжин штабын цэрэг дайчдад хүндэтгэл илэрхийлж, үг хэлэв.

Анх 1948 онд Араб Израйлын хооронд байгуулсан гал зогсоох хэлэлцээрийг хянах үүрэг бүхий цэргийн ажиглагчдаас бүрдсэн НҮБ-ын анхны энхийг сахиулах ажиллагаа эхэлсэн түүхтэй. Эл өдрийн зорилго нь энхийг сахиулагчдын мэргэжлийн ур чадвар хичээл зүтгэлийг алдаршуулах, энхийн үйл хэргийн төлөө амиа өгсөн алба хаагчдын гэгээн дурсгалыг хүндэтгэхэд чиглэдэг. Одоогийн байдлаар, НҮБ-ын 14 энхийг дэмжих ажиллагаанд дэлхийн 125 орны 100 мянга гаруй энхийг сахиулагч үүрэг гүйцэтгэж байгаа аж. Цэрэг хандивлагч орнуудын жагсаалтад Монгол Улс 26 дугаарт бичигдэж байна.

Засгийн газрын 140 дүгээр тогтоолоор баталгаажуулсны дагуу эл өдрийг 2005 оноос тэмдэглэх болжээ. Энэ жил тус өдрийг “Энгийн иргэдийг хамгаалах, энхийг хамгаалах” гэсэн уриан дор зохион байгуулахаар НҮБ-аас уриалж байгаа юм.

Эл өдрийн хүрээнд 21 аймаг, 9 дүүргийн ЕБС-иудад “Монгол цэрэг-дэлхийн цэрэг” аяныг өрнүүлсэн бол энэ сарын 29-нд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Монгол цэрэг энхийн төлөө” дурсгалын цогцолборын шав тавих ёслол, Монгол Улсын Зэвсэгт хүчнийг энхийг дэмжих аижллагаанд оролцуулах үйл хэргийг эхлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан цэргийн нэрт зүтгэлтэн, хошууч генерал Г.Рагчаа агсны хөшөөнд цэцэг өргөх аж.

Гэрэл зургийг Т.Чимгээ




Холбоотой мэдээ