Хэт боловсруулсан бүтээгдэхүүнүүд эрт нас барахад хүргэдэг

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2019-05-30 14:29:21

ПАРИС. /BBC/. Зайрмаг, чикен наггетс, амуу будааны өглөөний хоол зэрэг хэт боловсруулсан бүтээгдэхүүнүүдийг хэрэглэх нь эрт нас барах, өвчин тусахад нөлөөлдөг болохыг Франц, Испанийн эрдэмтдийн явуулсан судалгааны дүн харуулжээ. 


Эрдэмтэд хэт боловсруулсан бүтээгдэхүүнүүдийг хэрэглэх явдал ихээхэн нэмэгдэж буйг онцлон тэмдэглээд, энэ төрлийн бүтээгдэхүүн нь хэтрүүлэн идэхэд хүргэдэг болохыг мөн тогтоосон байна. 


Хэт боловсруулсан бүтээгдэхүүнд юу юу ордог вэ?


Бүтээгдэхүүний боловсруулалтыг түүнд хэдий хэмжээний аж үйлдвэрийн үйл ажиллагаа орж байгаагаар ангилдаг байна. Ангиллын хамгийн эхэнд боловсруулаагүй буюу бага боловсруулсан бүтээгдэхүүнүүд ордог бөгөөд үүнд жимс, хүнсний ногоо, сүү, мах, шошын төрлийн ургамал, үр тариа, будаа, өндөг зэрэг багтдаг байна.


Хоёрдугаарт, хугацааг нь уртасгах хийгээд амтыг нь сайжруулах зорилгоор давс, тос, элсэн чихэр, эсгэгч зэргийг ашигласан боловсруулсан бүтээгдэхүүнүүд багтдаг. Үүнд бяслаг, утсан гахайн мах, гэрийн талх, лаазалсан жимс болон хүнсний ногоо, утсан загас, шар айраг зэрэг орно.


Үүний дараа хэт боловсруулсан бүтээгдэхүүнүүд жагсана. Эдгээр нь аж үйлдвэрийн илүү олон үйл ажиллагаанд орсон, савлагаан дээрээ амт, өнгө, үнэр оруулагч тэргүүтэй найрлагын урт жагсаалт бүхий бүтээгдэхүүнүүд юм. Тэдгээрийг дурдвал, амуу будааны өглөөний хоол, бэлэн гоймон, чихэрлэг ундаа, чикен наггетс, бялуу, шоколад, зайрмаг, олноор үйлдвэрлэсэн талх, халаахад л бэлэн болох пицца тэргүүтэй хоолнууд, мах орлуулах шейкнүүд багтдаг байна.


Судалгаагаар юу олж тогтоов?


Энэ чиглэлийн эхний судалгааг Испанийн Наваррагийн их сургуулийн судлаачид явуулсан байна. Тэд 10 жилийн хугацаанд 20 мянга орчим хүний хоол хүнсний хэрэглээг жил тутам судалжээ. Судалгааг явуулах хугацаанд 335 хүн нас барсан бөгөөд хэт боловсруулсан бүтээгдэхүүн хэрэглэдэг хүмүүсийн эрт нас барах эрсдлийг бусад хүмүүсийнхтэй харьцуулахад 62 хувиар өндөр байжээ.


Парисын их сургуулийн судлаачид 105 мянга гаруй хүнийг 5 жилийн турш судалжээ. Тэдний хоол хүнсний хэрэглээг жилд хоёр удаа хянасан байна. Энэхүү судалгаагаар хэт боловсруулсан бүтээгдэхүүнийг ихээр хэрэглэх нь зүрхэнд хамгийн их нөлөөлдөг болохыг тогтоосон байна. Хэт боловсруулсан бүтээгдэхүүнийг их хэрэглэдэг хүмүүсийн зүрх судасны өвчин тусах магадлал 100000 хүн тутамд 277 байсан бол ийм төрлийн бүтээгдэхүүн бага хэрэглэдэг хүмүүсийнх 100000 хүн тутамд 242 байжээ.


Парисын их сургуулийн доктор Матильда Тувьегийн “BBC” сувагт мэдээлснээр, хэт боловсруулсан бүтээгдэхүүний дэлхий нийтийн хэрэглээ хурдацтай нэмэгдэж буйтай холбоотойгоор ойрын ирээдүйд зүрх судасны өвчлөлийн тоо ихээхэн өсөх төлөвтэй байгаа ажээ. "Ийм төрлийн бүтээгдэхүүн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг болох нь "маш тодорхой" боллоо" гэж Наваррагийн их сургуулийн профессор Бес Растролло хэлжээ. Энэ чиглэлийн судалгааны ажлыг цаашид үргэлжлүүлэн хийх юм байна. 

Холбоотой мэдээ