Мэргэжлийн хяналтын ерөнхий газар шалгалтын дүнгээ танилцууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-05-30 23:18:24
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Тавдугаар сарын 19-30-ны хооронд Монгол Улсын Шадар сайдын баталсан Мэргэжлийн хяналтын байгууллагын хяналт шалгалтын төлөвлөгөөний дагуу МХЕГ-аас Дундговь аймагт Байгаль орчин, геологи уул, уурхай, геодези зураг зүй, дэд бүтэц, хөдөлмөрийн аюулгүй байдал, нийгмийн хамгаалал, хүнс хөдөө аж ахуй, цөм болон цацраг, эрүүл мэнд, боловсролын хяналтын чиглэлээр  нэгдсэн хяналт шалгалт хийж дүнгээ танилцууллаа. 

Нэгдсэн хяналт шалгалтыг МХЕГ-ын 20 байцаагч, аймгийн МХГ-ын байцаагчид хамтран таван ажлын хэсэгт хуваагдан гүйцэтгэж, 13 суманд ажиллажээ.

Байгаль орчин, геологи уул, уурхай, геодези зураг зүйн чиглэлээр нийт 6 төрийн байгууллага, 15 ААН-д төлөвлөгөөт хяналт шалгалт, гурван ААН-д зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж, 15 бичил уурхайн үйл ажиллагааг шалгаж, 334 зөрчил илрүүлснээс 6,8 хувийг газар дээр нь арилгуулж, улсын байцаагчийн 216 заалт бүхий хугацаатай 16 албан шаардлага, 27 заалт бүхий гурван дүгнэлт, 46 заалт бүхий 16 акт, 226 заалт бүхий 20 зөвлөмж үйлдэж, есөн аж ахуйн нэгжид 41,сая төгрөгийн торгууль тавьж, хялбаршуулсан журмаар шийдвэрлэжээ.

Тус салбарын хүрээнд Дундговь аймагт “Байгаль орчныг хамгаалах тухай” хуулийн хэрэгжилт 78 хувь, “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай” хуулийн хэрэгжилт 71 хувь, “Усны тухай” хуулийн хэрэгжилт 68 хувь, “Химийн хорт болон аюултай бодисын тухай” хуулийн хэрэгжилт 57 хувь, “Агаарын иухай” хуулийн хэрэгжилт 80 хувьтай дүгнэгджээ.

Дэд бүтцийн хяналтын хүрээнд авто тээвэр, өргөх механизм, барилгын техник, хот байгуулалт, эрчим хүчний хяналтыг хийж, нийт 21 төлөвлөгөөт хяналт шалгалт, 1 зөвлөн туслах үйл ажиллагааг хэрэгжүүлж ажилласан байна.

Энэхүү хяналт, шалгалтын хүрээнд нийт 186 зөрчил илрүүлж, 137 заалт бүхий албан шаардлага хүргүүлж, зургаан аж ахуйн нэгж байгууллагад 9,5 сая төгрөгийн торгууль ноогдуулжээ.

Аймгийн Засаг даргын авто тээвэр, барилга, хот байгуулалт, орон сууц, хот суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалт, эрчим хүчний салбарын хуулиар хүлээсэн бүрэн эрхийн хэрэгжилт 68,7 хувьтай дүгнэгдсэн нь “хангалтгүй” гэсэн үнэлгээг авсан байна.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын чиглэлээр давхардсан тоогоор 15 ААН байгууллага хамрагдаж, 446 зөрчил илрүүлж, 10 зөрчлийг газар дээр нь арилгуулж, 169 заалт бүхий хамтарсан 9 албан шаардлага өгчээ.

Шалгалтын явцад таван ААН-ийн 111 ажилтанд дутуу олгогдсон цалин хөлсний зөрүү 11,467.0 мянган төгрөгийг газар дээр нь нөхөн олгуулжээ. Мөн Уул уурхайн салбарын хамтын хэлэлцээрт заасан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доогуур цалин хөлс олгосон, нийгмийн хамгааллын нөхөн бичилт, илүү цагийн хөлс, ажлаас халагдсан ажилтанд олгох гэх мэт 7 аж ахуйн нэгж байгууллагад 102,660.0 мянган төгрөгийг нөхөн төлүүлэхээр болжээ.

Хөдөлмөр, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, нийгмийн хамгааллын хяналтын чиглэлээр “Зөрчлийн тухай” хуулиар зөрчлийг хйошлуулсан журмаар шийдвэрлэж, 17,750.0 мянган төгрөгийн торгууль оногдуулж, прокурорт хянуулсан аж.

Боловсролын байгууллагад хийсэн хяналт шалгалтаар сургууль, цэцэрлэгүүдийн сургалтын орчин 43,6 хувь, удирдлага зохион байгуулалт 59,1 хувь, сургалтын үйл ажиллагаа, ном сурах бичиг 66,7 хувь, суралцагчийн хөгжил төлөвшил, эцэг эхийн оролцоо 55,2 хувь, дотоод хяналт шалгалт 43,2 хувьтай дүгнэгджээ.

Эрсдэлийн шинжилгээгээр Луус сумын цэцэрлэг, Сайнцагаан сумын 1-р цэцэрлэг, Сайхан-Овоо сумын сургууль, цэцэрлэг “дунд” үнэлэгдсэн байна.

Сургууль, цэцэрлэгийн эрүүл ахуйн хяналтаар цэцэрлэгүүд 60 хувь, сургуулиуд 45,7 хувьтай үнэлэгдсэнээс усан хангамж, ариун цэврийн байгууламж, анги танхимын эрүүл ахуйн шаардлага, хүүхдийн эрүүл мэнд, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа, дотоод хяналт шалгалтын асуудлууд анхаарлаа хандуулах шаардлагатай байгааг онцоллоо.

Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналт шалгалтын дүнгээс харахад “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай” хуулийн хэрэгжилт 66,3 хувь, “Эрүүл мэндийн тухай” хуулийн хэрэгжилт 28,7 хувь, “Эрүүл ахуйн тухай” хуулийн хэрэгжилт 66 хувьтай байна.

Сайхан-Овоо сумын сургуулийн хичээлийн болон сурагчдын дотуур байр, Луус сумын цэцэрлэг, Сайнцагаан сумын 1-р цэцэрлэг, Луус сумын цэцэрлэг хүүхдийн эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангахгүй хэмжээнд байгаа ажээ.

Сургууль, цэцэрлэгийн гал тогооны эрсдэлийн түвшингээр 60,9 хувь нь “дунд”, 9,7 хувь нь “их эрсдэлтэй” гэж үнэлэгдсэн бөгөөд ЕБС-ийн 22,2 хувь нь, цэцэрлэгүүдийн 11 хувь нь зориулалтын бус гал тогоог ашиглаж байна.  

Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналт шалгалтаар 184 зөрчил илрүүлж, 112 заалт бүхий 4 албан шаардлага хүргүүлж, 5 дүгнэлт гаргаж, 1,100.0 мянган төгрөгийн торгууль ноогдуулж, 2 төрлийн 29 бүтээгдэхүүнийг устгажээ.

Ундны усны стандартын хяналтаар Цагаандэлгэр, Баянжаргалан, Өлзийт, Дэлгэрхангай, Эрдэнэдалай, Луус, Сайнцагаан, Дэрэн, Гурвансайхан, Өндөршил, Сайхан-Овоо, Сайнцагаан сумын ундны усны эх үүсвэрийн 55 худгаас дээж авч, хими, нян судлал, хүнд металлын шинжилгээнд хамруулан гаргасан дүгнэлтээр Цагаандэлгэр, Эрдэнэдалай сумын 15 худгийн усанд хүнцэл, Дэлгэрхангай, Эрдэнэдалай, Гурвансайхан, Өндөршил, Сайнцагаан, Сайхан-Овоо сумын 16 худгийн усанд ураны агууламж стандартад заасан хэмжээнээс өндөр гарч, хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх нөхцөл бүрдсэн хэмээн тодорхойлжээ.  

Нян судлалын шинжилгээгээр хяналт шалгалтад хамрагдсан Цагаандэлгэр, Баянжаргалан, Дэлгэрхангай, Эрдэнэдалай, Луус сумын ундны усны эх үүсвэрийн 56,7 хувьд нянгийн тоо стандартад заагдсан зөвшөөрөгдсөн дээд хэмжээнээс их гарсан байна.

Мөн аймгийн төвийн төвлөрсөн ус хангамжийн эрүүл хамгаалалтын бүсийн дэглэм зөрчигдсөн, усанд халдваргүйжүүлэлт хийгддэггүй, усан сангийн угаалга, халдваргүйжүүлэлт муу байгаа зэрэг эрсдэлийн улмаас ус бохирдох нөхцөл үүссэн хэмээн дүгнэлээ.

Мал эмнэлгийн хяналт шалгалтаар аймаг сумын ЗДТГ-т мал аж ахуйн бодлого хариуцсан мэргэжилтэн дутагдалтай, нэг малын эмчид ноогдох малын тоо стандартаас илүү гарсан, захиалгат вакцин график, хугацаандаа нийлүүлэгдээгүй зэрэг зөрчил дутагдал илэрсэн ажээ.

МХЕГ-ын дэд дарга Г.Сугарбат дүгнэн хэлсэн үгэндээ “Дундговь аймагт хийж байгаа, ололттой олон ажлууд байна, гэхдээ зөрчил дутагдал их байна гээд говьд хамгийн нандин чухал асуудал бол ус, тэгвэл усны хяналт шинжилгээгээр хүний эрүүл мэндэд аюултай нөхцөл байдал үүссэн байна. Дундговьчуудыг эрүүл, аюулгүй усаар хангах асуудлыг холбогдох яам, агентлагт тавина.

Боловсон хүчний асуудлыг мөн тавина. Ер нь зөвхөн аймгийн Засаг даргын эрхлэх хүрээний асуудал гэхээс илүү гадаад хүчин зүйлтэй холбоотой асуудлууд их байна, мөн Засаг даргын доод албан тушаалд ажиллаж байгаа хүмүүсээс хамаарч байгаа,  тэд нарын сэтгэл, зүтгэлтэй ч холбоотой асуудлууд их байна. Нэг сумын нэг байгууллага ундны ус хийдэг саваа 2, 3 жил цэвэрлээгүй, тэгээд тэр савнаасаа усаа уугаад, ахуйдаа хэрэглээд явж байна. Энэ бол цэвэр тэр сумын Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний л ажил. Орон нутгийнхаа иргэдийг аюулгүй, эрүүл усаар хангах асуудал тэр сумын Засаг даргын нэгдүгээр асуудал байх ёстой. Албан тушаалтнуудын хариуцлага, сэтгэл гаргаж ажиллах асуудлууд муу байна” гэж онцлон хэлсэн юм.

Уулзалтын үеэр МХЕГ-ын дэд дарга Г.Сугарбат Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн албан шаардлагыг аймгийн ИТХ-ын дарга С.Сүхбаатарт, МХЕГ-ын нэгдсэн хяналт, шалгалтын тайлан болон 71 заалт бүхий албан шаардлагыг Засаг дарга О.Бат-Эрдэнэ нарт хүлээлгэн өглөө.

Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн албан шаардлагыг хэрэгжүүлж, 2019 оны 10 дугаар сарын 01-ний дотор хариуг бичгээр хүргүүлэхээр тус албан шаардлагад тусгасан ажээ.     

Холбоотой мэдээ