Хөгжлийн бодлогод төсөл, хөтөлбөр, салбарын уялдаа холбоог тусгана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-05-31 14:13:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого боловсруулах ажлын багийн ээлжит хурал өнөөдөр “Туушин” зочид буудалд болж байна.

Хурлаар Ажлын багийн ахлагч, Засгийн газрын ХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарыг оролцуулан Монгол Улсын хөгжлийн чиг шугамын (концепцийн) талаар хэлэлцлээ. Тэрээр, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод бүсчилсэн хөгжил, салбарын хөгжил, хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр, тэдгээрийн уялдаа холбоог багтаах хэрэгтэйг онцолж энэ талаар яамдын төлөөллийн санал бодлыг ээлжлэн сонсож санал солилцож байна.


Дан ганц уул уурхайн салбараас түлхүү хамааралтай байгаа эдийн засгийн нөлөөллийг бууруулж, Монгол Улсын тэргүүлэх чиглэл бүхий салбаруудыг тодорхойлох ёстойг тэрээр тэмдэглэж байлаа. Монгол Улсын эдийн засгийн тэргүүлэх чиглэлд ХАА, аялал жуулчлал, эрчим хүч (тэр дундаа сэргээгдэх эрчим хүч), тээвэр зэрэг таван салбарыг багтааж байгаа аж. Уулзалтын үеэр манай орны нийгэм, эдийн засгийн амьдралд засаглалын тогтвортой байдлыг хангах явдал чухлыг онцолж ингэхийн тулд эдийн засаг дахь төрийн оролцоог багасгах хэрэгтэй. Ингэхдээ төрөөс зайлшгүй оролцох төсөл хөтөлбөр байх эсэх талаар өнөөдөр санал бодлоо солилцон хэлэлцэж байна. Хуралд Сангийн яам, ЗТХЯ, БХЯ, Үндэсний хөгжлийн газрын төлөөлөл оролцлоо.

Өнөөдрийн хурал нь Урт хугацааны хөгжлийн бодлого боловсруулах ажлын багийн хоёр дахь уулзалт юм. Эхний хурлаар хөгжлийн бодлогыг боловсруулахдаа төлөөллийн зарчмаар нийслэл, хөдөө орон нутгийн иргэдийн саналыг авахаар ажлын багийн гишүүд тохирч, “Үндэсний үнэт зүйл”, “Хүн ба нийгэм”, “Эдийн засаг”, “Байгаль орчин”, “Үндэсний аюулгүй байдал”, “Засаглал” гэсэн 6 дэд ажлын багийг байгуулахаар болсон юм. Энхүү хөгжлийн бодлогыг энэ оны 11 дүгээр сард Засгийн газарт танилцуулахаар төлөвлөжээ.

 

Б.Болд

Холбоотой мэдээ