"Амттаны доктор" хүүхдийн балетыг хоёр өдөр тоглоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-05-31 14:46:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УДБЭТ-ийн тайзнаа “Амттаны доктор” балетыг зургадугаар сарын 1-2-нд тоглоно. “Ай ёо доктор” нэртэй бүжгэн жүжгийг анх Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Б.Жамьяндагва найруулан тавьж байсныг шинэчлэн “Амттаны доктор” гэж нэрлэжээ.

“Хүүхэд бүр амттанд дуртай. Амттанаас болж хүүхдийн шүд хорхойтох, хоолны дуршил буурах гэх мэт олон сөрөг нөлөө учруулдаг. Тиймээс амттанаас аль болох татгалзах хэрэгтэй гэдгийг хүүхдийн сэтгэхүйд нөлөөлж, харуулахыг зорьсон” гэж Дуурь, бүжгийн эрдмийн театрын ерөнхий балетмейстер Ц.Чинзориг хэллээ.

“Цэнхэр нүдэн бүсгүй”, “Уран хас” зэрэг хүүхдэд зориулсан бүтээл байсан бол, энэ жил театр урын сангаа “Амттаны доктор” балетаар ийнхүү баяжууллаа. Театрын уран бүтээлчид “Амттаны доктор”-ыг шинээр найруулан, хоёрдугаар сараас эхлэн ажилласаар Хүүхдийн баяраар тоглоход бэлэн болжээ.

1929 онд хэвлэсэн Корней Чуковскийн үлгэрээс сэдэвлэн 1949 онд  Игорь Морозовын бичсэн “Доктор Айболит” балетын хөгжмөөр энэхүү  “Амттаны доктор” бүжгэн жүжгийг бүтээсэн байна.


Холбоотой мэдээ