Олон улсын парламентч нар чуулж, Ерөнхийлөгч хориг тавьсан долоо хоног

ТОЙМ
ariunbold@montsame.gov.mn
2019-06-02 15:32:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тогтвортой хөгжлийн зорилго (ТЗХ)-ын хэрэгжилтийн асуудлаарх Олон Улсын Парламентын Холбоо (ОУПХ)-ны Ази, Номхон далайн бүсийн хоёрдугаар чуулган болон Монгол, ОХУ-ын Засгийн газрын комиссын ээлжит хуралдаан Улаанбаатар хотноо болсон, Ерөнхийлөгч Х.Баттулга Захиргааны Ерөнхий хуульд хориг тавьсан зэргээр өнгөрч буй долоо хоногт Монголын улс төрд хэд хэдэн онцлох үйл явдал өрнөв. Мөн Үндсэн хуулийн цэцээс УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль явуулах тов, зардлыг баталсан тогтоол Үндсэн хууль зөрчсөн гэсэн шийдвэр гаргасан нь ч мөн өнгөрч буй долоо хоногт анхаарлын төвд байлаа. Ингээд Монголын улс төрд өнгөрч буй долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.


ОУПХ-ны Ази, Номхон далайн бүсийн хоёрдугаар чуулган боллоо



Олон Улсын Парламентын Холбоо (ОУПХ) болон Монгол Улсын Их Хурал хамтран Тогтвортой хөгжлийн зорилго (ТЗХ)-ын хэрэгжилтийн асуудлаарх ОУПХ-ны Ази, Номхон далайн бүсийн хоёрдугаар чуулганыг өнгөрсөн сарын 27-28-нд Төрийн ордонд зохион байгуулав.


НҮБ-аас 2015 онд баталсан ТХЗ-ын чанартай боловсрол олгож, ядуурлыг бууруулах зорилтын хэрэгжилт, эх, хүүхэд, өсвөр насныхны болон нийт иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, уур амьсгалын өөрчлөлтийн  эсрэг тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр орон бүрийн парламентын хүрсэн үр дүн, туршлагыг хэлэлцэх нь энэ удаагийн чуулганы зорилго байв. Чуулганд ОУПХ-ны гишүүн Ази, Номхон далайн бүсийн 19 орны болон олон улсын байгууллагын 100 гаруй төлөөлөгч оролцлоо.


Чуулганы үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар, “НҮБ-ын ТХЗ-уудыг хэрэгжүүлэх үүднээс УИХ-аас “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030” баримт бичгийг 2016 онд баталсан. Мөн УИХ-ын бүтцэд Тогтворой хөгжлийн зорилгын дэд хороо байгуулж, Засгийн газартай хамтран ажиллаж байна. Засгийн газар болон парламентаас багш нарын мэргэжлийн ур чадварыг сайжруулах, боловсрол ба хөдөлмөр эрхлэлтийн уялдааг хангахад анхаарч байгаа. Тухайлбал, УИХ-ын 2019 оны намрын ээлжит чуулганаар Боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэхээр төлөвлөж байна. Мөн Засгийн газраас “Эрүүл монгол хүн” үндэсний хөтөлбөрөөс эхлээд олон ажил өрнүүлж байна. Хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлснээр, 2018 онд 100 мянган төрөлтөд 27 хувь байсан эхийн эндэгдлийг 2030 онд 15 хувь болгох юм” гэлээ. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газраас Тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэх үүднээс уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, байгаль орчинд ээлтэй дэвшилтэт технологи нэвтрүүлэх, агаарын бохирдлыг бууруулах зорилт тавин ажиллаж байгааг дурдсан. УИХ-аас Засгийн газрын бодлогыг дэмжиж Усны бохирдол, Хог хаягдлын менежментийн тухай зэрэг хууль, эрхзүйн орчныг сайжруулахад анхаарч буйг мөн цохон тэмдэглэв.


Baramsai Chadraabal-н зураг.

Чуулганы төгсгөлд Ази-Номхон далайн бүсэд Тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэхэд парламентын гишүүдийн оролцоог нэмэх Тунхаглал батлав. Тухайлбал, Тогтвортой хөгжлийн зорилгыг парламентын ажил, үүрэгтэй цогц байдлаар холбогдсон эсэхийг баталгаажуулахын тулд, Парламентын гишүүдийн холбоо, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс боловсруулсан өөрийн үнэлгээний аргыг ашиглах нь зохимжтой хэмээжээ. Мөн чанартай боловсролыг дэмжих, тэгш, хүртээмжтэй байх боломжийг бүрдүүлэх, эрүүл мэндийн тусламжийг бүх нийтэд хүртээмжтэй болгох хөдөлгөөнд парламентын гишүүд, иргэд, олон нийт, иргэний нийгэм болон бусад холбогдох төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудыг татан оролцуулахыг уриалахыг зөвлөмж болгосон байна. Мөн Гамшгийн эрсдэлийг бууруулах, байгаль орчныг хамгаалах нь уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх болон боловсролын үндэсний хөтөлбөрүүд дэх парламентын оролцооны зайлшгүй нэг хэсэг байх ёстой учир уур амьсгалын өөрчлөлт, байгалийн гамшгийн үр дагаврыг сааруулах арга хэмжээний зардлыг төсөвлөхийг зөвлөмж хэсэгт тусгажээ. Эцэст нь Тогтвортой хөгжлийн зорилтод хүрэх үйл ажиллагааг эрчимжүүлэхийн тулд энэхүү Тунхаглал баримт бичгийг парламентын гишүүд, бусад оролцоотой талуудын анхааралд бүх боломжит сувгаар хүргэх талаар тусгасан байна.


Монголын нутаг дэвсгэрт байгаа ОХУ-ын орон сууцыг өмчлүүлнэ



Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 22 дугаар хуралдаан Улаанбаатар хотноо өнгөрсөн сарын 30-нд боллоо.


Хуралдаанаар боловсрол, шинжлэх ухаан, бүс нутаг, хил орчим, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааны дэд комисс, ажлын хэсэг хуралдаж тодорхой тохиролцоонд хүрэв. Тухайлбал “УБТЗ” ХНН-ийн хэрэгцээнд нийлүүлж байсан дизель түлшний онцгой албан татвар болох 100 тэрбум төгрөгийг төмөр замын суурь бүтцийг шинэчлэхэд зарцуулах боллоо. Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа ОХУ-ын үл хөдлөн хөрөнгөөс эхний ээлжинд 550 орон сууцыг одоо амьдарч байгаа өрхүүдэд нь өмчлүүлэх нөхцөлийг бүрдүүлэв. Үлдэх орон сууц, барилгын өмчлүүлэх асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэх болов.


Хуралдаанаар мал эрүүлжүүлэх хамтарсан хөтөлбөрийн гуравдугаар шатыг хэрэгжүүлэх, хоёр орны гадаад худалдааны эргэлтийг 2020 он гэхэд хоёр тэрбум ам.долларт хүргэх болон эрчим хүч, уул уурхай, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар хэлэлцэв. Дээрх асуудлуудыг тусгасан протоколд Монгол Улсын Шадар сайд, Монгол, Оросын Засгийн газрыын комиссын Монголын хэсгийн дарга Ө.Энхтүвшин, ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга, Орос, Монголын Засгийн газрын комиссын Оросын хэсгийн дарга А.В.Гордеев нар  гарын үсэг зурав.


Ирэх оны төсөвтэй холбоотой хууль, тогтоолыг батлав



УИХ-ын чуулганы энэ сарын 30-ны нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын ирэх оны төсөвтэй холбоотой хэд хэдэн хууль, тогтоолыг батлав. Тодруулбал, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай тогтоол, Нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хууль, “Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичиг батлах тухай” тогтоолыг баталсан юм.


Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөлд 20 зорилтын хүрээнд 118 ажил өрнүүлэхээр тусгажээ. Эдгээрт 10 их наяд 216.3 тэрбум төгрөг шаардлагатай байгаагаас улсын төсвийн хөрөнгөөр 1 их наяд 325.5 тэрбум төгрөг, гадаад эх үүсвэрээс 2 их наяд 111.9 тэрбум төгрөг, төр, хувийн хэвшлийн түншлэл болон хувийн хөрөнгө оруулалтаар 6 их наяд 174.2 тэрбум төгрөг, бусад эх үүсвэрээс 604.7 тэрбум төгрөгийг санхүүжүүлэхээр төлөвлөсөн байна. Үндсэн чиглэлийг амжилттай хэрэгжүүлснээр эдийн засгийн бодит өсөлт 6 хувь байхаар тооцжээ. Мөн инфляцын түвшин 8 хувиас ихгүй, төсвийн алдагдлын ДНБ-д эзлэх хэмжээ 5.1 хувиас ихгүй, ажилгүйдлийн түвшин 6.5 хувиас бага байх аж.


Харин Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хууль болон “Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичиг батлах тухай” тогтоолоор Монгол Улсын эдийн засаг 2020-2022 онд 6.3 хувиар өсөж, инфляцийн түвшин 8 хувьтай байхаар батлав. Мөн гадаад худалдааны тэнцэл нэг тэрбум ам.долларын ашигтай байх бол 2020 онд төсвийн алдагдал ДНБ-ий эзлэх хувь хэмжээгээр 5.1 хувьтай байхаар тооцсон нь энэ оныхоос 0.3 хувиар сайжрах үзүүлэлт аж.


Засгийн газар 2021-2024 онд томоохон бондуудын өр төлж эхэлнэ. Энэ төлбөрийг эдийн засаг, төсөвт дарамт учруулахгүй төлөх стратегийг боловсруулжээ. Уг эргэн төлөлттэй холбогдуулан төсвийн алдагдлыг Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан хэмжээнээс 2021 онд илүү сайжруулан, 2021 онд ДНБ-ий 2.8 хувь, 2022 онд 1.4 хувь, 2023 оноос эхлэн ашигтай байхаар тус тус төсөөлжээ. Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан зорилтыг хэрэгжүүлэх, төсвийн нэгдмэл, тэнцвэртэй байдлыг хангах тогтвортой байдлыг хангах замаар макро эдийн засгийн жигд өсөлтийг дэмжих бодлого баримтлахаар тусгажээ.


Дунд хугацаанд төрийн албан хаагчдын цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг инфляцийн түвшинтэй уялдуулан нэмэх, төсвийн тэгш бус хуваарилалтыг бууруулж, ил тод, шударга, оновчтой байлгаж, үр ашгийг сайжруулах бодлогоо үргэлжлүүлэх юм. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан Байгалийн түүхийн музей, Үндэсний урлагийн их театр барих ажлыг эхлүүлэхээр төлөвлөсөн байна. Хууль, тогтоолын төслүүдийг чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 64.3 хувь дэмжиж, баталсан юм.


Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд хориг тавилаа



УИХ-аас энэ оны тавдугаар сарын 09-нд баталсан Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд Ерөнхийлөгч Х.Баттулга бүхэлд нь хориг тавилаа.


Уг хуульд “УИХ-аас батлан хамгаалах, аюулгүй байдал, гадаад бодлого, төрийн өмчийн хувьчлал, ашигт малтмал, байгалийн нөөцийн удирдлагатай холбоотой төрийн бодлогын үндсийг тодорхойлсон улс төрийн шийдвэрийг Засгийн газар хэрэгжүүлсэн тохиолдолд Захиргааны шүүхээр хэлэлцэхгүй” гэсэн заалт тусгасан юм. Энэ нь батлан хамгаалах чиглэлээр гаргасан Засгийн газрын тогтоол, Ерөнхий сайдын захирамж, БХЯ, ХЗДХ-ийн сайд, Гадаад хэргийн сайд, ЗХЖШ, Тагнуулын ерөнхий газар, ЦЕГ, ХХЕГ, тэдгээрийн харьяа байгууллагуудын захиргааны шийдвэр, ХЗДХ-ийн сайдын тушаал зэрэг хэт өргөн хүрээг хамарсан заалт болсон хэмээн Ерөнхийлөгч Х.Баттулга үзжээ. Тодруулбал, дээрх хууль нь Засгийн газрын болон түүний харьяа байгууллагуудын шийдвэрийг бүхэлд нь шүүхийн хяналтаас гаргаж байгаа нь Үндсэн хуультай зөрчилдөж байгааг Ерөнхийлөгч албан бичигтээ дурдаад, хуулийн өөрчлөлтийг дахин нягтлах нь зөв хэмээжээ. Ерөнхийлөгчийг хоригийг УИХ ирэх долоо хоногт хэлэлцэнэ.


Нөхөн сонгуулийн тов, зардлыг тогтоосон тогтоол хууль зөрчсөн хэмээн дүгнэв



Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн сарын 27-ны дунд суудлын хуралдаанаар, УИХ-ын гишүүн асан Д.Гантулгын бүрэн эрхийг түдгэлзүүлсэн нь үндсэн хууль зөрчөөгүй гэж үзжээ. Харин Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийн тов, зардлыг тогтоосон УИХ-ын 22, 23 дугаар тогтоол хууль зөрчсөн гэж дүгнэв.


УИХ-ын гишүүн асан Д.Гантулга нь ноднин зургаадугаар сарын 11-нд өөрийн хүсэлтээр бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх санал гаргасныг УИХ хүлээн авсан. Тодруулбал, Д.Гантулгын бүрэн эрхийг түдгэлзүүлэхдээ ТББХ-оор хэлэлцэж, чуулганаар нууц санал хураан шийдвэрлэсэн нь Үндсэн хууль зөрчөөгүй хэмээн цэц үзсэн. Харин нөхөн сонгуулийн хувьд, УИХ-ын энэ оны хоёрдугаар сарны 2-нд баталсан 22, 23 дугаар тогтоол нь хууль зөрчсөн хэмээн дүгнэжээ. Тодруулбал, Хэнтийн 42 дугаар тойргийн нөхөн сонгууль хийх тов, зардал зэргийг тогтоосон дээрх тогтоол нь Сонгуулийн тухай, Төсвийн тухай болон бусад холбогдох хуулийн заалтыг зөрчжээ. Тухайлбал, УИХ-ын 23 дугаар тогтоолд, сонгуульд шаардлагатай хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэсэн байна. Гэвч Сонгуулийн тухай хуулиар, сонгуулийн зардлыг улсын төсвөөс гаргана гэж хуульчилжээ. Харин 22 дугаар тогтоолоор нөхөн сонгуулийг ирэх сарын 30-нд товлосон. Гэтэл одоогийн хуулиар, гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусахаас нэг жилийн дотор сонгууль зохион байгуулахгүй байхыг нарийвчлан тусгажээ.


Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр, “Нөхөн сонгуулийг явуулахын тулд, сонгуулийн зардлыг улсын төсөвт суулгах,  зарим зүйлийг хуульд нийцүүлэх шаардлагатай” гэсэн тайлбарыг хэлэв. Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ МАН, АН болон бусад улс төрийн хүчнүүд илэрхийлсээр буй юм. Уг асуудлыг УИХ ирэх долоо хоногт хэлэлцэнэ.


Монгол, ОХУ, БНХАУ-ын Гадаад харилцааны дэд сайд нарын уулзалт болов



Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Гадаад харилцааны дэд сайд нарын ээлжит уулзалт Бээжин хотноо өнгөрсөн сарын 28-нд болов.


Уулзалтад Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд И.В.Моргулов, БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Жан Ханьхуй нар гурван талын төлөөлөгчдийг тэргүүлсэн юм.


Гадаад харилцааны дэд сайд нар гурван талын транзит тээвэр, гааль, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд тодорхой ахиц гарч буйг тэмдэглэхийн зэрэгцээ хамтын ажиллагааг цаашид худалдаа, эдийн засаг, соёл, боловсрол, хүмүүнлэг зэрэг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлж, бодит агуулгаар баяжуулахын тулд салбарын яамд, байгууллагууд, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжин ажиллахаар болов. Мөн уулзалтаар ирэх сард зохион байгуулахаар төлөвлөж буй Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Төрийн тэргүүн нарын ээлжит уулзалтын бэлтгэл, тус уулзалтын үеэр гарын үсэг зурах боломжтой баримт бичгүүдийн талаар ярилцаж, тодорхой ойлголцолд хүрэв. Мөн бүс нутаг, олон улсын харилцааны харилцан сонирхсон асуудлаар санал солилцов.


Л.Оюун-Эрдэнэ: Зөвшөөрөлгүй барьсан барилга, байгууламжийг буулгахаас өөр аргагүй



Засгийн газрын энэ сарын 29-ны ээлжит хуралдаанаар нийтийн эзэмшлийн газруудыг хувийн хэвшлийн аж ахуйн нэгжид олгосон асуудлыг цэгцлэх шийдвэр гаргажээ. Энэ талаар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлэв.


Өнгөрсөн 27 жилийн хугацаанд төлөвлөлтгүй газар олгосон нь нийслэлийн агаарын бохирдол, автозамын түгжрэлийн шалтгаан болсон. Тиймээс одооноос газар олгох, хот төлөвлөх асуудлыг урт хугацаанд бодож шийдвэрлэх шаардлагатайг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээллийнхээ эхэнд онцлов.


Тэрбээр, “2012 онд Нийслэлийн Засаг даргын захирамжаар Хөрөнгийн биржийн баруун талд байрлах 0.7 га газар, 2012 он Асашёорюүгийн цэцэрлэгт хүрээлэнгийн 0.24 га газар, Монгол, Туркийн найрамдлын цэцэрлэгийн дэргэд 1.8 га, МУИС-ийн урт талын оюутны талбайг Улаанбаатар хотын банканд тус бүр 5 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байна. Мөн Улаанбаатар зочид буудлын өмнөх цэцэрлэгт хүрээлэн, Сүхбаатарын талбайн урд талын хэсэг, Цэдэнбалын нэрэмжит талбайг ч хувийн хэвшилд олгосон асуудал бий. Тиймээс Засгийн газрын хуралдаанаар газар олгох асуудлыг цэгцлэх төлөвлөгөө боловсруулах ажлын баг гаргахаар боллоо. Түүнчлэн 100 гаруй аж ахуйн нэгжид Олон улсын хүүхдийн “Найрамдал” төвийн эзэмшлийн газраас олгосон асуудал бий. Тиймээс өнөөдрийн хуралдаанаар тус төвийг улсын төсөвт байгууллага болгон өөрчлөн байгуулахаар шийдвэрлэсэн. Төр хувийн хэвшлээ дэмжинэ. Гэхдээ бизнес эрхлэхийн тул нийслэлийн төв талбай, хүүхдийн зуслангийн газрыг авч болохгүй. Цаашдаа зөвшөөрөлгүй барьсан барилга, байгууламжийг буулгахаас өөр аргагүй болж байна. Ирэх долоо хоногийн даваа гарагт Засгийн газрын гишүүд НЗДТГ-ын ажилтай танилцаж, газар олголтын асуудлыг хэлэлцэнэ” хэмээв.


Энэ үеэр, БНХАУ-ын аж ахуйн нэгжид хүлэмжийн аж ахуйн зориулалтаар 50 га газар олгох асуудал үнэн эсэхийг тодруулахад, “Тийм зүйл байхгүй. БНХАУ-ын аж ахуйн нэгжүүд энэ асуудлаар ХААИС-ийн удирдлагатай уулзаж санал солилцож байсан ч хэрэгжүүлээгүй. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаан дээр Ерөнхий сайд У.Хүрэлсүх гадаадын аж ахуйн нэгжид хүлэмжийн зориулалттай газар олгохгүй байхыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханд үүрэг болгосон” хэмээн хариулав.

Холбоотой мэдээ