ӨМӨЗО-ы их, дээд сургуульд тэтгэлгээр оюутан сургана

Монголын мэдээ | Боловсрол
bolor@montsame.mn
2019-06-03 17:11:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын БСШУСЯ, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ардын Засгийн газрын хэлэлцээрийн дагуу 2019-2020 оны хичээлийн жилээс БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ардын Засгийн газрын тэтгэлгээр бакалаврын сургалтад суралцуулах сонгон шалгаруулалтыг зарлалаа.

Сонгон шалгаруулалтад элсэхийг хүсэгчид 25 хүртэл насны Монгол Улсын иргэн, Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид 3.2-аас дээш голч дүнтэй суралцаж буй, БНХАУ-ын их, дээд сургуулийн бэлтгэл ангид нэг хичээлийн жилээс илүү хугацаагаар 85 ба түүнээс дээш хувийн амжилттай суралцсан зэрэг шаардлага хангасан байх ёстой. 

Хамрагдах хүсэлтэй иргэд энэ сарын 6-ныг хүртэл ШУТИС-ийн хичээлийн I байрны 3 давхрын 324 тоотод баримт бичгийг бүрдүүлэн өөрийн биеэр ирж бүртгүүлнэ.    

Бакалавр оюутны сонгон шалгаруулалтын математикийн шалгалтыг энэ сарын 08-ны  10:00 цагт ШУТИС-ийн хичээлийн 1 дүгээр байранд тестийн хэлбэрээр зохион байгуулна. Шалгалтад иргэний үнэмлэхтэй ирнэ. 

Математикийн шалгалтад тэнцсэн шалгуулагчийг ярилцлагад оруулна. Математикийн шалгалтын дүн болон ярилцлагад орох шалгуулагчийн нэрс, цагийн хуваарь, байршлыг энэ сарын 09-ний өдрийн 18:00 цагт БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны гаднах самбарт зарлана.   Ярилцлагыг энэ сарын 10, 11-нд зохион байгуулах бөгөөд ярилцлагад ирэхдээ бүртгэлд ирүүлсэн баримт бичгийн эх хувийг авч ирнэ. Сонгон шалгаруулалтын дүнг энэ сарын 12-ны өдрийн 18:00 цагт БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны гаднах самбарт зарлана.

БСШУСЯ, ӨМӨЗО-ны Боловсролын танхим сонгон шалгаруулалтын дүнд ямар нэгэн тайлбар хийхгүй. Сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэдийг БНХАУ-ын ӨМӨЗО-ы их сургуулиудад суралцуулахаар нэр дэвшүүлэх бөгөөд суралцуулах тухай эцсийн шийдвэрийг хүлээн авах тал гаргаж, урилга ирүүлнэ. Урилга хүлээн авсан оюутан нь хүлээн авах талаас хуваарилсан сургуулийн хэлний бэлтгэл сургалтад хамрагдсаны дараа шалгалт өгнө. Энэхүү шалгалтад тэнцсэн иргэд үндсэн сургалтад хамрагдана. Замын зардлыг суралцагч өөрөө хариуцах бөгөөд сургалтын төлбөр, амьжиргааны тэтгэлгийг БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ардын Засгийн газраас санхүүжүүлэх юм.

 

 

Холбоотой мэдээ