Худалдааны дайнд хохирсон Хуавэй

ТОЙМ
adiyakhuu@montsame.mn
2019-06-04 12:34:01

Хятад-Америкийн хооронд дэгдсэн худалдааны дайн улам өргөжсөөр сүүлийн үед технологийн салбарыг хамарч эхэллээ. 5 дугаар сарын 16-ны өдөр АНУ-ын Худалдааны яам Хятадын харилцаа холбооны “Хуавэй” /Huawei/ компанийг “хар жагсаалтанд” оруулснаар тус компанитай харилцахын тулд Америкийн компаниуд тусгай зөвшөөрөл авахаас аргагүйд хүрч байна. Худалдааны яам гаргасан шийдвэрээ тайлбарлахдаа “Хуавэй” компанийн үйл ажиллагаа нь АНУ-ын үндэсний аюулгүй байдлын эрх ашигт харшилж байна” гэж мэдэгджээ.


Уг шийдвэрт захирагдан Google, Microsoft, Intel, ARM, Qualcomm, Broadcom зэрэг Америкийн тэргүүлэгч IT компаниуд Хятадын компанид программ хангамж, технологи, тоног төхөөрөмж нийлүүлэхээ зогсоолоо. Энэ жишээг дагаж Японы Панасоник, Английн ARM корпораци мөн адил Хуавэйтэй хамтран ажиллахаас татгалзсан байна. Ингэснээр жилд 100 тэрбум долларын борлуулалт хийдэг Хуавэй компани Америк-Хятадын худалдааны дайны эхний томоохон хохирогч боллоо.  


Хуавэйгийн эсрэг хориг тавих болсон шалтгааны тухайд, тус компани Хятадын засгийн газартай нягт холбоотой ажилладаг ба тоног төхөөрөмжөө тагнуулын зорилгоор ашигладаг байж магадгүй гэж америкчууд болгоомжилж байгаа юм. Үүнээс үүдэн, 2018 онд баталсан АНУ-ын Улсыг батлан хамгаалах тухай хуулийн /NDAA-2019/ 889 дүгээр зүйлд заасны дагуу Хятадын Хуавэй, ZTE гэсэн хоёр компанийн тоног төхөөрөмжийг АНУ-ын төрийн байгууллагуудад ашиглахыг хориглох тухай зарлигт Ерөнхийлөгч Д.Трамп өнгөрсөн оны 8 дугаар сард гарын үсэг зурсан бол энэ удаад Хуавэйг хар жагсаалтанд орууллаа.


Харин 5 дугаар сарын 20-ны өдөр Америкийн эрх баригчид шийдвэрээ арай зөөлрүүлж, 3 сарын хугацаанд технологи, эд ангиудыг Америкийн компаниудаас худалдан авахыг Хуавэй компанид зөвшөөрсөн бөгөөд 90 хоногийн хугацаа дуусмагц түр зөвшөөрлийг сунгах эсэхийг шийдвэрлэх аж. Үүнтэй холбогдуулан Хуавэйгийн захирал Жэн Жэнфэй мэдэгдэхдээ “хугацааг түр сунгасан нь компанид төдийлөн нөлөөлөхгүй, учир нь, АНУ-ын зүгээс хориг тавина гэдгийг бид урьдаас мэдэж байсан” гэлээ. Тус компанийн хуулийн зөвлөх Сүн Люпин-ий ярьснаар, Хуавэйг хар жагсаалтанд оруулсан нь тус компанийн бүтээгдэхүүн, үйлчилгээг авдаг дэлхийн 170 улс дахь 3 тэрбум гаруй хэрэглэгчийн эрх ашгийг хохироож байна.


15 жил үргэлжилж буй сөргөлдөөн


Хуавэйг хар жагсаалтанд оруулсан нь гэнэтийн санамсаргүй шийдвэр биш юм. Энэ нь Америкийн эрх баригчид ба Хятадын компанийн хооронд 15 жилийн турш үргэлжилж буй сөргөлдөөнөөс үүдэлтэй бөгөөд Америк-Хятадын худалдааны дайн хурцадмагц зөрчил дахин сэдэрсэн байна. Сөргөлдөөн бүр 2003 оноос эхтэй бөгөөд тухайн үед Америкийн харилцаа холбооны Cisco компанийн зүгээс Хуавэйг “технологи хулгайлсан, патентын журам зөрчсөн” гэж буруутгаж байжээ.


Эцэст нь Хятадын компани буруутай гэдгээ хүлээн зөвшөөрснөөр зөрчил түр намжлаа. Гэвч удалгүй 2008 онд Хуавэйгийн бүтээгдэхүүнийг АНУ-ын төрийн болон цэргийн байгууллагуудад хэрэглэхийг хориглосон нь тус компани Хятадын засгийн газар, Батлан хамгаалах яамтай нууцаар хамтран ажилладаг гэж сэжиглэснээс үүдэлтэй байжээ. Ингэж үзэх болсон шалтгаан нь Хуавэйг үүсгэн байгуулагч Жэн Жэнфэй нь Хятадын Ардын чөлөөлөх армид инженерээр ажиллаж байсантай холбоотой гэнэ.


Өнгөрсөн оны сүүлчээр Хуавэй компанийн санхүү эрхэлсэн захирал, компанийг үүсгэн байгуулагчийн охин болох Мэн Ванжоуг АНУ-ын ойрын холбоотон Канад улсад баривчилсан нь сөргөлдөөнийг дахин сэдрээв. Америкийн хууль сахиулагчид Мэн Ванжоуг “технологийн тагнуул хийсэн, Америкийн банкуудыг хууран мэхэлсэн, Америкийн технологийг Иранд нууцаар нийлүүлж байсан Хонконгийн Skycom компанитай хамтран ажилласан” гэх зэргээр буруутгажээ. Түүнчлэн Америкийн Т-Mobile зэрэг хэд хэдэн компаниас технологи хулгайлсан хэрэгт холбогдуулан шалгасан байна.


Үүнтэй зэрэгцэн Номхон далай дахь Америкийн холбоотнууд болох Австрали, Шинэ Зеландын эрх баригчид өөрийн оронд 5G сүлжээ байгуулах төслүүдэд Хятадын Хуавэй болон ZTE компанийг оролцуулахгүй гэсэн шийдвэр гаргасан бол Японы засгийн газраас “Хятадын компаниудын тоног төхөөрөмжийг төрийн байгууллагууд худалдан авах”-ыг хоригложээ. 


Үйл явдал иймэрхүү байдлаар өрнөсөөр өнгөрсөн 5 дугаар сарын сүүлчээр Америк-Хятадын хэлэлцээ мухардалд орж, Бээжин, Вашингтон хоёр бие биенийхээ эсрэг эрс ширүүн мэдэгдлүүд хийж байх үед Хуавэйг хар жагсаалтанд орууллаа.


Хуавэйд хориг тавьснаас хэдхэн хоногийн дараа Хятадын удирдагч Ши Жинпинь газрын ховор металл олборлодог уурхайд очсон нь санамсаргүй хэрэг биш бөгөөд “манай улсын эсрэг авч буй танай хоригт хэмжээ хязгаар бий шүү” гэдгийг Америкийн талд сануулах зорилготой байсан гэж зарим шинжээчид дүгнэж байна.

Өнөөдрийн байдлаар Хятад улс газрын ховор металлын дэлхийн зах зээлийн 85 хувийг хянаж байгаа учраас хятадууд татвараа нэмэгдүүлэх эсвэл экспортоо зогсоох аваас Америкийн өндөр технологийн салбар “түүхий эдийн өлсгөлөн”-д автаж, асар их хохирол амсах юм. 


Сүүлийн үед өндөр технологи эрчимтэй хөгжиж байгаагаас үүдэн газрын ховор металлын эрэлт хэрэгцээ улам  нэмэгдсээр байгаа билээ. Ухаалаг гар утас, хийн хоолой, пуужин, гибрид автомашин, LCD дэлгэцтэй телевизор, БОИНГ нисэх онгоцны бүхээг дэх удирдлагын төхөөрөмж зэргийг хийхэд газрын ховор элементүүд шаардлагатай учраас тэдгээрийг “өндөр технологийн аминдэм” гэж нэрлэх нь бий.


Хуавэйд учрах хохирол  


Хуавэй компани нь ухаалаг гар утасны үйлдвэрлэлээр дэлхийд Самсунг-ийн /23 хувь/ дараа хоёрдугаарт ордог бөгөөд зах зээлийн 19 хувийг эзэлдэг байна. Гуравдугаарт, зах зээлийн 11,7 хувийг эзэлж буй Apple компани ордог ажээ. Үүнээс харвал, Хуавэй хар жагсаалтанд орж, Америкийн болон барууны орнуудын IT компаниудтай харилцах боломжгүй болсон нь түүний гол өрсөлдөгч болох Өмнөд Солонгосын Samsung Electronics компанид хамгийн ихээр хожоотой тусах бололтой. Самсунг бол ухаалаг гар утас, планшет үйлдвэрлэлээр Хуавэйтэй, санах ойн чип үйлдвэрлэлээр Micron компанитай ширүүн өрсөлддөг компани юм.

Ухаалаг гар утасны үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч 6 компанийн зах зээлд эзлэх хувь 


Хуавэй хоригийн хар жагсаалтанд орсноор ухаалаг гар утасны зах зээлд ямар өөрчлөлт гарах талаар KGI Securities компанийн шинжээч Мин Чи Куо дараах хоёр таамгийг дэвшүүлсэн байна. Нэгдүгээрт, хэрвээ Хуавэй компани гар утсанд зориулан өөрийн гэсэн үйлдлийн системийг 7 дугаар сар гэхэд гарган авч чадвал энэ 2019 онд ухаалаг гар утасны борлуулалт нь төдийлөн ихээр буурахгүй, 240-250 сая ширхэг байх болно. Нөгөөтэйгүүр, хэрвээ энэ онд багтан үйлдлийн системээ боловсруулж чадахгүй бол, эсвэл уг систем нь Android-той өрсөлдөх чадваргүй байх аваас Хуавэйгийн гар утасны борлуулалт 180-240 саяд эргэлдэнэ гэж шинжээч таамаглажээ. Одоогийн байдлаар тус компани жилд 270 сая ширхэг гар утас үйлдвэрлэн борлуулж байна.     


Хуавэйг үүсгэн байгуулагч Жэн Жэнфэй-гийн ярьснаар бол "америкчуудын тогтоосон хориг нь тус компанийн “технологийн хувьд доогуур түвшний бүтээгдэхүүнүүдэд нөлөөлнө, харин шинэ үеийн өндөр хурдны 5G сүлжээнд бараг нөлөөлөхгүй” бололтой. Түүний үзэж байгаагаар, 5G технологийн тал дээр бусад компаниуд ойрын 3 жилийн хугацаанд Хуавэйг гүйцэхгүй бөгөөд Америкийн засгийн газар тус компанийн нөөц боломжийг дутуу үнэлж байгаа аж.


Хуавэй компани хэрэгцээт чипнийхээ 50 хувийг өөрөө үйлдвэрлэж, 50 хувийг нь АНУ-аас худалдан авсаар иржээ. Хятадад үйлдвэрлэсэн чип үнийн хувьд хямд ч гэсэн өндөр үнэтэй Америкийн чипийг худалдан авч байгаа нь тус компани гадаад ертөнцөөс тусгаарлагдахыг хүсдэггүй, интеграцийг эрхэмлэдэг болохыг харуулж байна хэмээн компанийг үүсгэн байгуулагч онцлон дурдлаа. 

Шинэ үеийн 5G сүлжээг 4G-тэй харьцуулахад 20 дахин их багтаамжтай бөгөөд эрчим хүч зарцуулалтаар 10 дахин бага, төхөөрөмжийн овор хэмжээний хувьд 70 хувиар илүү авсаархан гэнэ. Сүлжээний суурь станц нь бүр ч авсаархан бөгөөд 20-хон кг жинтэй. Ийм учраас хөдөлгөөнт холбооны металл цамхаг босгох шаардлагагүй, хана болон багана дээр байрлуулж болно. Хуавэйгийн төхөөрөмжийг зэвэрдэггүй материалаар хийдэг учраас түүнийг хэдэн арван жилийн турш ашиглах боломжтой төдийгүй ус сувгийн хоолойд ч байрлуулж болох гэнэ. 


Америк-Хятадын худалдааны сөргөлдөөн технологийн салбарыг хамарч, Хуавэй төдийгүй Хятадын бусад компанийн эсрэг хориг арга хэмжээ авч магадгүй байгаа нь холбооны өндөр хурдны 5G сүлжээг байгуулах үйл явцыг удаашруулж, технологийн салбарын цаашдын хөгжлийг гацаах эрсдэлтэй гэж шинжээчид үзэж байна.


Б.Адъяахүү   

 

 

 

Холбоотой мэдээ