Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-06-04 19:12:21
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төв 311 дүгээр ангид болж буй Марш-тактик, тусгай бэлтгэлийн тэмцээний нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр оролцсон. Энэ үеэр тэрбээр тус ангийг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа.



Одон гардуулах үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга хэлэхдээ, “Хошууч генерал Гүрийн Рагчаагийн нэрэмжит тус ангийн 33 жилийн ойн баяр тохиож байна. Та бүхэнд баярын мэнд хүргэж, ажил амьдралд нь өрнүүн амжилт хүсье. Танай хамт олон Ирак, Сьерра Леоне, Косово, Афганистан, Чад, Өмнөд Судан, Судан зэрэг дэлхийн халуун цэгт үүрэг гүйцэтгэсэн 100 гаруй цэргийн баг, 17 мянга орчим цэргийн алба хаагчдыг энхийг дэмжих ажиллагааны өмнөх дадлага, сургуульд хамруулсан. Үүгээр зогсохгүй, зэвсэгт хүчний аварга шалгаруулах спортын уралдаан, олон улсын цэргийн дадлага сургуулийг тогтмол зохион байгуулж, монгол цэрэг дэлхийн цэрэг хэмээн үнэлэгдэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн хөдөлмөрийг үнэлж байна” гэлээ.


Үүний дараа тэрээр Зэвсэгт хүчний 311 дүгээр ангид Цэргийн гавьяаны улаан тугийн одон олгох зарлиг сонордуулж, тус ангийн жанжин тугт одонг зүүв.



Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн захирагч, хурандаа Д.Дугаррагчаа, “Энэхүү шагнал нь манай ангийн үе үеийн захирагч, хамт олны хөдөлмөрийг үнэлсэн төдийгүй, тус ангийн сургуульд хамрагддаг бүхий л алба хаагчдад урам зориг нэмлээ. Манай анги Ерөнхийлөгчийн ивээлд болдог Марш-тактикийн тэмцээнийг өнөөдөр уламжлал ёсоор дэмжин тусалж байна. Бид мөн “Хааны эрэлд” олон улсын дадлага, сургуулийн хүрээнд гадаадын 16 мянган цэргийн энхийг дэмжих ажиллагааны өмнөх бэлтгэлийг хангасан туршлагатай хамт олон” гэв. 


Дашрамд дурдахад, Монгол Улсын Зэвсэгт хүчнээс НҮБ-ын Энхийг дэмжих ажиллагаанд анх 2003 оноос оролцох эхлэлийг тавьж, гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсан хүмүүсийн нэг бол хошууч генерал Гүрийн Рагчаа агсан юм.  Тиймээс Монгол Улсын Засгийн газрын 2009 оны тогтоолоор зэвсэгт хүчний 311 дүгээр ангийг хошууч генерал Гүрийн Рагчаагийн нэрэмжит болгосон түүхтэй аж.

Холбоотой мэдээ