Ж.Гүррагчаа: Сансрын хиймэл дагуул хөөргөхөд төрийн дэмжлэг чухал

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2019-06-04 18:45:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын нутаг дэвсгэрт газар зүйн хэрэглээний зориулалтаар бүтээх анхны “Тэмүүлэл” хиймэл дагуулын төслийг МУИС-ийн Нано-Хиймэл дагуул хөгжүүлэх лабораториас өнөөдөр танилцууллаа.


Уг төсөлтэй холбогдуулан тус сургуулиас санаачлан бизнесийн байгуулагуудтай хамтран ажиллах зорилгоор уулзалт өнөөдөр зохион байгуулав.

Монгол Улсын анхны  “Мазаалай” хиймэл дагуулыг 2017 онд хөөргөж байсан баг туршлага, хүний нөөц, сансарт туршсан бааз системдээ суурилан “Тэмүүлэл” хиймэл дагуул бүтээхээр болжээ. Уг хиймэл дагуулыг зөвхөн Монголын эрдэмтэн судлаач, инженерийн ур ухаанаар бүтээнэ гэдгээрээ онцлогтой аж. “Тэмүүлэл” хиймэл дагуул нь эх орныхоо зургийг сансраас авч илгээх, алсалсан газраас цаг уур, хөрс, орчны мэдээллийг цуглуулах, өндөр хүчдэлийн хагас дамжуулагч төхөөрөмжийг сансрын цацрагт эвдрэх магадлалыг шалгах  даалгавартай аж.

Хиймэл дагуулыг бүтээхэд 300-400 орчим мянган ам.доллар шаардлагатай бөгөөд санхүүжилтээ олж чадвал 2021 оны эхээр хөөргөхөөр төлөвлөжээ. “Тэмүүлэл” хиймэл дагуул нь “Мазаалай”-н адил 10смx10смx10см хэмжээтэй, жингийн хувьд ч 1.3 килограмм байх аж.


Хиймэл дагуулыг Монгол Улсад бүтээх нь сансрын технологийг эзэмших, өндөр технологийг дотооддоо бүтээх, цаашлаад энэ салбарын боловсон хүчнийг бэлтгэх, эрдэм мэдлэгийг түгээн дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмэр болно гэж үзэж байна.

Монгол Улсын баатар, сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, “Сансрын хиймэл дагуулыг хөөргөх ажил их хөрөнгө шаарддаг учраас төсөлд төр болон бизнесийн байгууллагын том дэмжлэг шаардлагатай. Мөн сансар судлалын шинжлэх ухаан, орчин үеийн технологийн шинэчлэлтэй хөл нийлүүлэн алхъя гэвэл төрөөс баримтлах баримт бичиг болон бодлого зайлшгүй хэрэгтэй. Хиймэл дагуул нь Монгол Улсын хэрэгцээг ч хангах бизнес болж болно” гэдгийг онцоллоо.

Уулзалтаас гарсан саналыг Монгол Улсын Ерөнхий сайд болон Засгийн газрын хэрэг эрхлэх газарт хүргүүлэх аж.

Тус уулзалтад БСШУС-ны Шинжлэх ухаан технологийн газар, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, ОБЕГ, Харилцаа холбоо мэдээллийн технологийн газар, Нийслэлийн үйлдвэрлэл инновацын газар, БХИС, ШУТИС,  Монголын сансрын технологийн холбоо ТББ, ШУА болон хувийн хэвшлийн төлөөлөл оролцов. 


М.Батчимэг

Холбоотой мэдээ