Ээлжит бус чуулган өнөөдөр хаалтаа хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2015-09-18 16:16:23

УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр хаалтаа хийнэ.

Ээлжит бус чуулганыг энэ сарын 7-ны өдрөөс 18-ны өдөр зарлан хуралдуулахаар товлосон. Товын хугацаанд Засгийн газрын зарим гишүүнийг томилох тухай асуудал, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуульд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хэлэлцэхээр заасан. Энэ хугацаанд 6 сайдын томилгоог хийсэн ч хоригтой холбоотой асуудал хараахан эцэслэн шийдэгдээгүй байна.

Чуулганы хуралдаанаар Өршөөлийн тухай хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг дэмжсэн. Өршөөлийн хуульд зарим өөрчлөлт оруулах шаардлагатай болсон. Уг өөрчлөлт гишүүдийн дунд маргаан дагуулаад буй. Иймд Хууль зүйн байнгын хороо хуралдаж асуудлыг нэгтгэх ёстой ч одоог хүртэл ирц бүрдээгүй гэх шалтгаанаар байнгын хороо хуралдаагүй байна. Байнгын хороо хуралдаагүйгээс чуулган хуралдахгүй хүлээж байна. УИХ-ын дэд даргын гаргасан захирамж ёсоор бол чуулган өнөөдөр хаалтаа хийх ёстой ч энэ байдлаар бол чуулганы хаалт хойшилж мэдэхээр байна.

Б.Туул

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд