Өвөрхангай аймаг “Түрээсийн орон сууц хөтөлбөр”-ийг хэрэгжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-06-07 11:06:44

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргаас "Түрээсийн орон сууцны хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэх тухай тогтоолын төслийг аймгийн ИТХ-д өргөн барьж хэлэлцүүллээ.

Тус хөтөлбөрийн хүрээнд эхний ээлжинд 40 айлын орон сууцыг орон нутгийн төсвийн хөрөнгөөр барьж, ашиглалтад оруулахыг ИТХ-аар дэмжиж, тогтоолын төслийг баталсан юм.

Сүүлийн жилүүдэд барилгын салбарын үйл ажиллагаа эрчимжиж, төр, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, захиалагчдын санхүүжилтээр орон сууцны барилгыг олноор барьж, ашиглалтад оруулж байгаа ч иргэдийн санхүүгийн чадавхаас шалтгаалан орон сууцыг шууд болон зээлээр худалдан авах боломж хомс хэвээр байна. Банкны зээлийн нөхцөл, шалгуурыг хангаж, ипотекийн зээл авч орон сууцтай болох боломжтой иргэдийн тоо бага хэвээр байгаа юм.

Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэд, харж, хандах үр хүүхэдгүй ахмад настан, бүтэн өнчин хүүхэд, залуучууд, байгалийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр орон гэргүй болсон айл өрх, ажил амьдралын гараагаа эхэлж байгаа залуу гэр бүл, төв суурин газарт түр хугацаагаар ирж ажиллаж байгаа төрийн албан хаагчид, суралцаж байгаа оюутан, залуусын түр амьдрах орон байрны асуудлыг шийдвэрлэх зайлшгүй шаардлага байгааг хурлын үеэр онцоллоо.

Тус хөтөлбөр Улаанбаатар хот Дархан, Сэлэнгэ, Ховд, Увс, Хэнтий аймагт хэрэгжиж, 360 орон сууц барьсан байна.

 

Холбоотой мэдээ