Солонгос дахь оюутнууд хаврын баяраа тэмдэглэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
boloroo8136@gmail.com
2019-06-10 10:38:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНСУ дахь Монголын оюутны холбооноос “Хаврын баяр 2019” спортын өдөрлөгийг энэ сарын 9-нд зохион байгуулав.

ЭСЯ-ны хоёрдугаар нарийн бичгийн дарга Б.Жамсран өдөрлөгийг нээж хэлэхдээ, Солонгос дахь Монгол оюутны холбооны удирдах зөвлөл болон тамирчид, хүрэлцэн ирсэн зочдод баяр хүргээд, ЭСЯ-наас тус холбоотой хамтран оюутан залуусын дунд спорт, урлагийн олон ажил  зохион байгуулахаар төлөвлөсөн болохыг тэмдэглэв. Мөн тус улсад сурч амьдарч буй оюутан залуус Бээжин, Австри Улсад болсон хилийн чанад дахь оюутан залуусын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсоныг дурдаад удахгүй Япон Улсад болох тэмцээнд амжилт гаргахыг хүсэв.

Сагсан бөмбөгийн тэмцээнд оюутан залуусын нийт 16 баг оролцож, хурд хүч, авхаалж самбаагаа сорьж, Үйжөнбу хотын Евин их сургуулийн баг нэгдүгээр байр, Гачөн их сургуулийн баг хоёрдугаар байр, Сүвон их сургуулийн баг гуравдугаар байрыг эзлэв. Мөн оюутнуудын дунд шатар даам, ширээний теннисийн тэмцээн болж, аваргаа шалгарууллаа гэж БНСУ дахь ЭСЯ-наас мэдээлэв.

 

Холбоотой мэдээ