Тээврийн хэрэгслийн татвар төлсөн эсэхийг шалгаж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-06-10 14:44:21
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг хянах ажил өнөөдөр нийслэлд эхэллээ. Энэ талаар тус ажлыг зохион байгуулах ажлын баг Нийслэлийн хэвлэл, мэдээллийн төвд сэтгүүлчдэд мэдээлэв.


Нийслэлийн Засаг даргын энэ оны нэгдүгээр сарын 8-ны А/15 дугаар захирамжаар, Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, Агаарын бохирдлын болон авто зам ашигласны төлбөр хураах ажлын баг байгуулжээ. Энэхүү ажлын багт Тээврийн цагдаагийн алба, Нийслэлийн татварын газар, Дүүргийн татварын болон замын цагдаагийн хэлтэс хамтран оролцоно. Ингэхдээ төвийн зургаан дүүрэгт тус бүр хоёр хяналтын цэг, алслагдсан гурван дүүрэгт тус бүр нэг хяналтын цэг ажиллуулах юм. Нийт 15 хяналтын цэгт татварын болон замын цагдаагийн 30 албан хаагч 20 хоногийн хугацаанд хяналт тавьж ажиллана гэж Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр мэдээлэв.


Нийслэлийн татварын газрын Орлого бүрдүүлэлтийн газрын дарга С.Цэрэнжамц, “Нийслэлийн хэмжээнд 495 мянган тээврийн хэрэгсэл байдаг. Өнөөдрийн байдлаар үүний 300 мянга гаруй тээврийн хэрэгсэл татвараа төлсөн.  Үүнээс үзвэл 100 мянга гаруй тээврийн хэрэгсэл татварт төлөөгүй байна. Татвараа төлж амжаагүй бол зохих шаардлагын дагуу замын хөдөлгөөнд оролцохгүйгээр, татвар хураах цэг болон E-tax.mta.mn цахим хаягаар энэ сардаа багтаан сайн дураар төлсөн  бол ямар нэгэн торгуулийн арга хэмжээ авахгүй” гэлээ.


2019 онд автотээврийн өөрөө явагч хэрэгслийн албан татвар, Агаарын бохирдлын төлбөр, Авто зам ашигласны төлбөр хураамжаар 24.6 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэх үүрэгтэй. Зургаадугаар сарын 1-ний байдлаар уг төлөвлөгөө 81.9 хувьтай буюу 20.6 тэрбум төгрөгийн биелэлттэй явж байна.

А.Гэрэлтуяа

Гэрэл зургийг: Т.Чимгээ

Холбоотой мэдээ