Хогийн цэгийн иргэдийг бүртгэлжүүлснээр хүүхдүүд нь сурч боловсрох эрхээ эдэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-06-10 19:43:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд С.Чинзориг өнөөдөр нийслэлийн Улаан чулуутын хогийн цэг болон “Нарантуул” захын байдалтай танилцлаа.

Тэрээр хүүхдүүдийн хөдөлмөр эрхлэж байгаа нөхцөл байдалтай газар дээр нь танилцах зорилгоор нийслэлийн ажлын албаны холбогдох хүмүүсийн хамт дээрх хоёр газар ажилласан юм. Эхлээд Улаанчулуутын хогийн цэгээр орж, тэнд амьдарч байгаа иргэдтэй уулзаж санал бодлыг нь сонсон, “Харилцааны хөгжил төв ТББ”-ын үйл ажиллагаатай танилцав.


Дээрх ТББ-ыг 2013 байгуулж, “Улаанчулуут”-ын хогийн цэг дээр ажиллаж амьдарч байгаа иргэдийн сургууль завсардсан хүүхэд, залууст дүйцсэн хөтөлбөрийн сургалтаар боловсрол нөхөн олгох сургалт зохион байгуулж байна. Анх 10 гаруй хүүхдийг сургалтад хамруулах замаар нийгэмшүүлж байсан бол одоо тус төвд 50 гаруй хүүхэд гурван ангиар хичээллэж, сургалтын хөтөлбөрт хамрагдаж байна.

Харин хогийн цэгт ажиллаж амьдарч буй иргэдийн хувьд ихэнх нь бичиг баримтгүйгээ хэлж байв. Үүнээс болж тэд эрүүл мэндийн үйлчилгээ авч чаддаггүй байна. Мөн эцэг, эхийгээ дагаад хогийн цэг дээр хөдөлмөр эрхэлж буй хүүхдүүд албан ёсны сургууль соёлд хамрагддаггүйгээс сурч боловсрох эрхээ эдлэж чадахгүй байна. Тиймээс эхлээд энд байгаа иргэдийг бичиг баримтжуулж бүртгэснээр төрийн үйлчилгээ авах боломж бүрдэнэ. Үүний дараагаар тэдний дадал зуршлыг өөрчлөхийн тулд зөвлөх үйлчилгээ, сэтгэлзүйчийн хөтөлбөр зэрэг ажлыг шат дараатай хэрэгжүүлье” гэсэн саналыг сайд хэлэв.




Үдээс хойш ХНХ-ын сайд С.Чинзориг “Нарантуул” худалдааны төвөөр орж худалдаачидтай уулзсан юм. Тэрээр, нэг үеэ бодвол “Нарантуулачаа бараа зөөх зэрэг хүнд хөдөлмөр эрхлэж байсан хүүхдүүд байхгүй болсон байна. Харин энд худалдаа, наймаа хийж буй иргэдийн хувьд зээл, нийгмийн даатгалтай холбоотой асуудал их байгаа нь тэдний яриа, байдлаас харагдлаа. Нийгмийн хамгааллын талаар тэд мэдлэг дутмаг байна” гэсэн юм.




Засгийн газраас 2019-2020 оныг “Хүүхдийн хөгжил-хамгааллын жил” болгон зарласантай холбогдуулан ХНХ-ын сайд С.Чинзориг ийнхүү дээрх хоёр газраар орж тэндэхийн хүүхдүүдийн нөхцөл байдалтай танилцлаа. Өнөөдрийн үйл ажиллагаа нь иргэд тэр дундаа хүүхдүүд хүнд нөхцөлд хөдөлмөр эрхлэн ажиллаж байгаатай танилцан урьдчилан сэргийлэх зорилготой байлаа. Сайдын багт нийслэлийн цагдаа, боловсрол, эрүүл мэнд, бүртгэл, нийгмийн халамж үйлчилгээ болон Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтнүүд ажиллаж, иргэдэд зөвлөгөө өгч, өргөдөл гомдлыг хүлээн авав.

М.Батчимэг

Гэрэл зургуудыг Т.Чимгээ

Холбоотой мэдээ