"Азийн ардын урлагийн их наадам" маргааш эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-06-11 13:54:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Азийн ардын урлагийн их наадам” энэ сарын 12-16-нд Улаанбаатар хотод болно. Тус наадмын ерөнхий зохион  байгуулагчаар БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болон “Арт-Лар ТББ” хамтран ажиллаж байна.

Их наадмыг ардын урлагийн наадмуудын  дэлхийн ассоциациас томилогдсон мэргэжлийн шүүгчид шүүх юм. Тэргүүн байрт 4000 евро, дэд байр 2000 евро,  гутгаар байрт 1000 еврогийн шагналтай.

Уралдаанд оролцогч нь гоцлол, цөөхүүл, хамтлаг бүрэлдэхүүнтэйгээр “Ардын дуу”, “Ардын хөгжим”, “Ардын бүжиг”, “Язгуур урлагийн чуулга”, “Зан үйлийн чуулга” гэсэн таван төрөлд язгуур болон орчин үеийн аль ч хэлбэрээр нас мэргэжил харгалзахгүйгээр оролцох боломжтой юм байна. Их наадмын урьдчилсан шалгаруулалт энэ сарын 12-14-нд Соёлын төв өргөө, Улсын Филармони, Хүүхэлдэйн театр, Хүүхдийн ордон, Улаанбаатар чуулгад тус тус болно.

Гадаад орноос ирсэн авьяастнуудын  шалгаруулалт энэ сарын  13-нд Нийслэлийн Соёлын төв өргөөнд  болно гэж зохион байгуулагч нар нь мэдээллээ.

Дээрх төрлүүдээс шалгарсан уран бүтээлчид болон шилмэл үзүүлбэрээс бүрдсэн нэгдсэн тоглолт 15-16-нд Сүхбаатарын талбайд болно. “Азийн ардын урлагийн их наадам”-ын нээлт, хаалт ч мөн Сүхбаатарын талбайд болохоос гадна зохион байгуулагч болон зочин орнуудын урлагийн тоглолт, нэгдсэн гала тоглолт, Азийн улс орнуудын гар урлалын үзэсгэлэн, худалдаа, ази хоолны фестиваль, Монголын уламжлалт өв соёлыг сурталчлах мастер класс сургалт зэрэг үйл ажиллагаа болох юм байна.


                                                                                                                                                                                     Д.Отгонцагаан

Холбоотой мэдээ