ЭНЭ ЗУНЫ УРЛАГ СОЁЛ

ТОЙМ
altankhuyag@montsame.mn
2019-06-11 13:28:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/.

АЗИЙН УРЛАГИЙН ИХ НААДАМ


Бүгд Найрамдах Болгар Улсад төвтэй Ардын урлагийн наадмуудын дэлхийн ассоциациас Ардын урлагийн дэлхийн шилдгүүдийг шалгаруулах наадмын сүлжээ системийг /World Championship System of Folklore-WCSF/ дэлхий даяар нэвтрүүлж байгаа бөгөөд Ази тивийн салбар наадмыг Монгол Улсад зохион байгуулах албан ёсны зөвшөөрлийг өнгөрсөн онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар болон “Арт–Лар ТББ” хамтран авсан юм.


Наадмыг зохион байгуулах хорооноос энэ сарын 12-16-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулахаар төлөвлөж бэлтгэл ажлыг эхлүүлсэн байна. Энэ удаагийн наадамд Малайз, БНХАУ, Япон, БНСУ, Индонези, Энэтхэг, Непал, Бангладеш, ОХУ, Буриад, Тува, Казахсктан зэрэг 20 гаруй орны 200 гаруй ардын авьяастан хүрэлцэн ирэхээр бүртгүүлээд байгаа аж.
 Мөн зохион байгуулах хорооны шийдвэрээр энэхүү наадамд оролцох үндэсний оролцогчдыг тодруулах анхан шатны шалгаруулалтыг тухайн наадмыг зохион байгуулах хугацаанд зэрэг явуулах бөгөөд шилдэг оролцогчид Азийн ардын урлагийн их наадамд улсаа төлөөлөн оролцох болно.


Азийн ардын урлагийн их наадмыг Ардын урлагийн наадмуудын дэлхийн ассоциациас томилогдсон мэргэжлийн шүүгчид шүүн тунгаах бөгөөд Их наадмын гранпри шагналтан 4000 eвро, дэд байр 2000 eвро, гутгаар байрын шагналтан 1000 eврогийн шагнал хүртэх юм.


Энэ удаагийн наадмын зохион байгуулагчаар БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, “Арт–Лар ТББ”, хамтран зохион байгуулагчаар БОАЖЯ, ГХЯ, Ардын урлагийн наадмуудын дэлхийн ассоциаци, Ардын урлагийн наадмуудын eвропын ассоциаци, ЮНЕСКО -ийн Монголын үндэсний комисс зэрэг байгууллага ажиллаж байна.


Их наадмын хүрээнд нээлт, хаалтын ажиллагаа, зохион байгуулагч болон зочин орнуудын урлагийн тоглолт, нэгдсэн гала тоглолт, азийн улс орнуудын гар урлалын үзэсгэлэн, худалдаа, ази хоолны фестиваль, Монголын уламжлалт өв соёлыг сурталчлах мастер класс сургалт зэрэг арга хэмжээ болох юм.


“ЧОЙЖИД ДАНГИНА” БҮЖГЭН ЖҮЖИГ




"Чойжид дагины түүх" хэмээх шашны гүн ухааны зохиолоос сэдэвлэн бүтээсэн уг бүжгэн жүжгийг энэ сарын 16-ны өдөр дуурь УДБЭТ-ын тайзнаа амилуулахаар болжээ.


Чойжид хэмээх настай эмэгтэй өвчний улмаас үхэх болж сүнсийг нь тамын болон бурхны элч булаалдав. Тамын эзэн Эрлэг номун хаан Чойжидын сүнсийг булаан авч там руу хүмүүсийг хэрхэн нүглээсээ болж зовж байгааг мэдрүүлэхээр илгээнэ. Чойжид бусдын нүглийг хуваалцана. Энэ хэсэгт хөгжим тамын хүйтэн, халуун хийгээд Эрлэгийн элчийн тамлал, зүдгүүрийг харуулдаг.


Харин Чойжидыг тэнгэрийн оронд очиход бурхдын ээж мөргөлийн бүжиг бүжнэ. Хүмүүс сайн үйлийг хийхэд Чойжид аз жаргалыг мэдэрч чадсан тул сайн үйлийг хийх ямар чухал тухай хүмүүн төрөлхтөнд ойлгуулахаар бурхны зарлигаар буцаж эх дэлхийдээ ирнэ...


ДЭЭЛТЭЙ МОНГОЛ


“Дээлтэй монгол наадам” нь үндэстэн ястны хувцас, гоёл чимэглэлээ дэлхий нийтэд таниулан сурталчлах зорилготой бөгөөд Чингисийн талбайд жил болгоны долдугаар сарын 10-нд зохион байгуулагддаг билээ.


Тус наадмын үеэр үндэсний хувцастай иргэдийн баярын жагсаал, ардын урлагийн тоглолт, үндэсний хувцасны загварын үзүүлбэр болон монгол үндэсний дээл, хувцас хэрэглэл, монгол гэр болон гар урлалын бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа явагдана.


ХӨГЖМИЙН ФЕСТИВАЛЬ




“Play time 2019” амьд хөгжмийн наадам ирэх сарын 5, 6, 7-ны өдөр “Монгол Шилтгээн”-д зохион байгуулагдах гэж байна. 2002 онд анх үүсгэн байгуулж байсан тус наадам энэ удаад 17 дахь жилдээ болно. Улаанбаатар хотын орчин үеийн хөгжмийн соёлыг хөгжүүлэх, залууст амралт чөлөөт цагаа цэвэр агаарт, байгаль орчинд ээлтэй хэлбэрээр өнгөрүүлэх, дэлхийн болон Монголын шинэ, шилдэг амьд хөгжмийн хамтлаг дуучдыг танилцуулах замаар тэдний хөгжмийн боловсролыг дээшлүүлэх зорилготой юм.


ТОГЛОЛТ




Саяхан Монголын реп урлагийн нэгэн томоохон төлөөлөгч Gee буюу Т.Мөнх-Эрдэнэ “Зогсохгүй” тоглолтоо хийсэн билээ. Тэгвэл репперүүдийн сонсогчиддоо барих 6 сарын бэлэг үүгээр дуусаагүй байна. Учир нь энэ сарын 22-нд “Opozit” хамтлагийн дуучин Энэрэл тоглолтоо толилуулах юм. Түүний энэхүү тоглолт нь Энэрэлийн хувьд анхны бие даасан тоглолт гэдгээрээ онцлогтой.


Түүний бие даан хийсэн “Raspberry”, “Infinitea”, “Явуу”, “Before and After” зэрэг дуунуудыг энд нэрлэж болно. Реппер Мөнхбаяр |Seriouz| -тай хамтрасан дуунууд нь ч мөн түүнийг жинхэнэ хип хоп хийж чаддаг гэдгийг баталдаг бөгөөд “Беллучи бол төгс” гэсэн сонсогчдын үнэлгээ түүнийг дагалддаг.


ДУРСАХ ҮДЭШ




Монголын анхны панк модернист үргэлжилсэн үгийн зохиолч, философич С.Анударыг дурсах үдшийг анх 2016 онд санаачлан хийж байсан бол гурван жилийн дараа хоёр дахь удаагаа түүнд зориулж хүндэтгэлийн тоглолт, дурсах үдшийг зохион байгуулахаар болжээ. Арга хэмжээ С.Анударын мэндэлсэн өдөр буюу энэ 19-нд “Бүх юмгүй бүх юм” нэртэйгээр зохиогдоно.


Мөн энэ удаагийн арга хэмжээ С. Анударт зориулж тоглолт хэлбэрээр зохион байгуулагдах гэж байгаа учир амьд хѳгжим сонирхогчид болон Анударын зохиол бүтээлийг уншдаг, түүнийг хүндэлдэг бүх хүмүүсийн заавал очих арга хэмжээнүүдийн нэг мөн байх билээ. 

Холбоотой мэдээ