Байгалийн задгай театрт урлаг, соёлын цогц үйл ажиллагаа болно

Орон нутагт | Дундговь
altantogos_dg@yahoo.com
2019-06-11 18:17:59
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Энэ наймдугаар сарын 9-11-нд “Их газрын чулуу” байгалийн үзэсгэлэнт задгай театрт болох 3000 морин хуурч, уртын дуучийн тоглолтод түшиглэсэн “Уяхан замбуу тивийн наран” урлаг соёлын цогц үзүүлбэрийг эндээс үзэж, мэлмий юугаа мялааж, сонор юугаа баясгах боломжийг гадаад8 дотоодын зочид, аялагчиддаа Дундговь аймаг олгож байна.

Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт байрлах байгалийн үзэсгэлэнт газар Их газрын чулууны уулнаа “Дуу хуурын өлгий” нутаг гэдгээ батлан харуулах байгалийн задгай театрыг 2006 онд байгуулжээ.

Дундговь аймаг бол алдартан гавьяатуудын өлгий нутаг. Монгол Улсын Гавьяат жүжигчин, Зууны манлай уртын дуучин Ж.Дорждагва, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт Ардын жүжигчин, Зууны манлай уртын дууч Н.Норовбанзад, Монголын дуурийн манлай дуучин Г.Хайдав гээд Монгол Улсынхаа нэрийг тив, дэлхийд цууриатуулсан олон дуучид тус аймгаас төрөн гарсан байдаг.

Энэ нь Дундговь аймгийн хүн бүрийн бахархал, үнэ цэнтэй зүйлүүдийн нэг юм. Тиймээс ч “Их газрын чулуу” задгай театрын дэргэд Зууны манлай уртын дуучин Н.Норовбанзад, Ж.Дорждагва нарын нэр алдрыг мөнхжүүлсэн гэрэлт хөшөөг босгож, “Уяхан замбуу тивийн наран” уртын дууны үгийг сийлэн мөнхөлжээ.

“Уяхан замбуу тивийн наран” урлаг, соёлын их наадмын үеэр ирсэн зочид гийчид Монгол туургатны язгуур урлагийн “Эх ундарга” тоглолт, “Мөнх тэнгэртээ өргөх дуун цацал” 3000 морин хуурч, уртын дуучийн хүндэтгэлийн тоглолт, “Уран үгсийн чуулган” яруу найргийн цэнгүүн, Дундговь аймгаас төрөн гарсан урлаг соёлын алдартнуудын нэгдсэн тоглолтыг үзэж сонирхохоос гадна монгол өв соёл, ёс заншил, аж байдалтай танилцах болно.

Энэ үеэр “Нар угтах ёслол”, монгол өв соёл, ёс заншил, аж байдлыг харуулсан үзүүлбэр, Олон улсын зураачдын уран бүтээлийн “Хөх салхи” үзэсгэлэн, бэсрэг наадам, айрагны баяр, “Монгол хувцас” загварын шоу гээд ирсэн зочид, гийчдийг уйдаахааргүй, хүн бүрийн сэтгэлийг хөглөх урлаг, соёлын цогц үйл ажиллагаа энд болох ажээ.

Энэхүү урлагийн их наадмын ерөнхий зураглаачаар Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн П.Цэгмид, ерөнхий найруулагчаар Соёлын гавьяат зүтгэлтэн, ТХДЖТ-ын дарга Д.Доржсүрэн нар ажиллаж байгаа бөгөөд тус наадмыг зохион байгуулах ажлын хэсгийг аймгийн Засаг даргын орлогч Ж.Мөнхчулуун ахлан ажиллаж байна. 

Холбоотой мэдээ