Москва өртөг ихтэй хотуудын жагсаалтын эхний зууд орохоо больжээ

Дэлхийд | Нийгэм
Jargal.d@montsame.mn
2019-06-13 14:46:27

ЛОНДОН. /TASS/. Нефтийн үнийн уналт, ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ үргэлжилж буй энэ үед рублийн ам.доллартой харьцах ханш суларсан нь ОХУ-ын нийслэл Москва хот гадаадын иргэдийн хувьд хамгийн өртөг ихтэй 100 хотын жагсаалтыг орхиход нөлөөлжээ. Энэ тухай зөвлөгөө өгөгч “ECA International” агентлагийн амьжиргааны өртгийн тухай “Cost of Living Index” судалгаанд дурджээ.


Судалгаанд тэмдэглэснээр, Москва хот 66 байраар ухарч, 120 дугаарт орсон байна. Мөн Санкт-Петербург хот үүнтэй адил хөдөлгөөнийг үзүүлжээ. Тус хот амьдрах өртөг хамгийн их хотуудын жагсаалтаас 31 байраар ухарч, 172 дугаарт бичигдсэн байна.


“Нефтийн харьцангуй хямд үнэ болон Оросын эсрэг авсан эдийн засгийн хориг арга хэмжээ рубльд дарамт үзүүлсэн нь бусад томоохон валюттай харьцах ханшийг сулруулахад хүргэснээр гадаадын ажилчдын хувьд тус улсад амьдрах өртгийг хямд болгосон” гэж “ECA International” агентлагийн ОХУ дахь салбарын дарга Стивен Килфеддер судалгааны үр дүнгийн талаар тайлбар хийхдээ мэдэгджээ.


Түүнчлэн еврогийн ханш суларсан нь Европын Холбооны хотуудыг гадаадын ажил хөдөлмөр эрхлэгчдийн хувьд харьцангуй бага өртөгтэй болгосон байна. Европт нийтдээ хамгийн их өртөгтэй хотуудын 19 хувь нь ногджээ. Харин АНУ-ын хувьд эсрэг хандлага ажиглагдаж, тус улсын 25 хот эхний зууд багтжээ. Өнгөрсөн жилийн жагсаалтад Америкийн ердөө 10 хот эхний зууд орж байжээ.


Хамгийн үнэтэй хотууд

Энэ удаад Туркмен улсын нийслэл Ашхабад хот гадаадын иргэдийн хувьд оршин суухад хамгийн өртөг ихтэй хотоор шалгарчээ. Тус хот Швейцарын хоёр ч хотыг ардаа орхисон нь жагсаалтын эхний байруудад бичигддэг уламжлалтай Цюрих /хоёрдугаарт/ болон Женев /гуравдугаарт/ юм. Тус хотуудын дараа Хонконг, Базель /Швейцар/, Берн /Швейцар/, Токио /Япон/, Сөүл /БНСУ/, Тель-Авив /Израил/ болон Шанхай /БНХАУ/ бичигдсэн байна.


Судалгаагаар нийтдээ дэлхийн 482 хотын хэрэглээний сагсыг харьцуулжээ. Жагсаалтын сүүлийг Тегеран  хот мушгижээ. Үүний шалтгаанаар Ираны эсрэг тогтоосон АНУ-ын хориг арга хэмжээг нэрлэж байна.


Амьдрахад их өртөгтэй хотуудын жагсаалтыг гаргахдаа шинжээчид мах, загасны мах, хуурай хүнсний бүтээгдэхүүнүүд, жимс, ногооны үнийг харьцуулжээ. Мөн чөлөөт цагаа өнгөрүүлэх, өдөр тутмын үйлчилгээ, хувцас, гэр ахуйн бараа, согтууруулах ундаа, тамхи зэрэгт зарцуулах төлбөрийн чадварыг судалсан байна. Харин орон сууцны түрээс, ахуйн хэрэглээний төлбөр /цахилгаан, хий, ус/, автомашин худалдан авалт, сургуулийн төлбөр зэргийг харгалзаагүй аж.


Холбоотой мэдээ