Дэлхийн мэдээллийн агентлагуудын VI их хурал "Мэдээний ирээдүй" сэдвийн дор болж байна

Монголын мэдээ | Нийгэм
batbold.sh@montsame.gov.mn
2019-06-13 17:43:41
@ShoovdorBatbold

Софи /МОНЦАМЭ/. Дэлхийн мэдээллийн агентлагуудын 6 дугаар их хурал Болгар улсын нийслэл Софи хотноо “The future of news” буюу “Мэдээний ирээдүй” сэдвийн дор өнөөдөр эхэллээ. Болгарын мэдээллийн агентлаг (BTA)-ийн зохион байгуулж буй уг их хурал 6 дугаар сарын 13-15-нд болох бөгөөд дэлхийн 100 гаруй орны мэдээллийн голлох агентлагийн 200-гаад төлөөлөгч оролцож байна.




Болгарын мэдээллийн агентлагийн Ерөнхий захирал Максим Минчев их хурлыг нээж хэлсэн үгэндээ, 2019 оны дэлхийн хамгийн том медиа цуглаан энэ өдрүүдэд Софи хотноо болж буйг онцлоод, мэдээллийн сэтгүүл зүй нь орчин үед газар авч буй хуурамч мэдээллийн эсрэг давхар давхар шалгаж баталгаажуулсан сүүлчийн бат цайз байх ёстойг санууллаа.




Мөн их хурлын нээлтэд оролцсон Болгар улсын Ерөнхийлөгч Румен Радев, мэдээллийн сэтгүүл зүйг сөнөөгч онгоцны нисгэгчийн үйлдэлтэй зүйрлээд, нисгэгч маш богино хугацаанд зөв мэдээллийг цуглуулан дүгнэлт хийж, хамгийн оновчтой шийдвэр гаргах болдог. Түүнтэй адил Та бүхний түгээж буй мэдээ мэдээлэл хамгийн үнэ цэнтэй ховор бүтээгдэхүүн юм гэв.

5 тивийн мэдээллийн агентлагуудын хамтын ажиллагааг хөгжүүлж, эрх ашгийг хамгаалах арга замыг судлах, харилцан мэдээ мэдээлэл, туршлага солилцох, бие биедэээ урам өгч, дэмжин ажиллахад гол анхаарлаа хандуулах зорилготой Дэлхийн мэдээллийн агентлагуудын анхдугаар их хурлыг 2004 онд ОХУ-ын Москва хотноо ТАСС агентлагийн 100 жилийн ойн баярын үеэр зохион байгуулж байжээ. Гурван жил тутам болдог тус их хуралд МОНЦАМЭ агентлаг Монгол Улсыг төлөөлж идэвхтэй оролцож ирсэн уламжлалтай бөгөөд энэ удаад тус агентлагийн орлогч дарга Ш.Батболд, Бодлогын зөвлөлийн дарга С.Баярсайхан нар оролцож байна.




Мөн Их хурлын үеэр зохион байгуулж буй гэрэл зургийн үзэсгэлэнд МОНЦАМЭ агентлагийн гэрэл зурагчны авсан Монгол Улсын соёл, аж амьдралын талаарх зураг багтсан байна. Уг дэлхийн мэдээллийн агентлагуудын гэрэл зурагчдын авсан шилдэг бүтээлүүдээр гаргасан үзэсгэлэн 6 дугаар сарын 20-ны өдрийг дуустал Софи хотод нээлттэй байх юм.

Холбоотой мэдээ