Шатахууны үнийг үндэслэлгүй нэмсэн аж ахуй нэгжид хариуцлага тооцно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-06-14 14:45:53
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдийг шатахууны үнийг энэ сарын 17-ноос өмнө бууруулах шаардлага хүргүүлсэн талаар ШӨХТГ-аас өнөөдөр мэдээллээ.


“Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнийг тогтворжуулах асуудлыг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий төр хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын хамтарсан зөвлөл” энэ сарын 4-нд хуралджээ. Хуралдаанаар,  шатахууны худалдаа эрхлэгч аж ахуй нэгжүүдийн жижиглэн борлуулалтын үнийн өөрчлөлтөд байнгын хяналт тавьж, үнээ үндэслэлгүйгээр нэмсэн бол тусгай зөвшөөрлийг нь түдгэлзүүлэхийг ШӨХТГ-т үүрэг болгожээ. Энэ дагуу шатахуун импортлогч 37 компанид шатахууны үнийн дэлхийн зах зээлийн үнэтэй уялдуулан буулгах шаардлага хүргүүлсэн байна. Уг шаардлагыг энэ сарын 17–ны дотор биелүүлээгүй тохиолдол, аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох саналыг УУХҮЯ-нд хүргүүлэх аж.


Дашрамд дурдахад, "Роснефть" компанийн гадаад хилийн үнэ энэ оны зургаадугаар сард А-80 автобензин 640 ам.доллар/тонн, АИ-92 автобензин 670 ам.доллар/тонн, дизель түлш 639 ам.доллар/тонн болжээ. Энэ нь өнгөрсөн сарынхтай харьцуулахад, А-80, АИ-92 автобензин тонн тутамдаа 25 ам.доллар, дизель түлш нэг ам.доллароор буурсан үзүүлэлт аж.


Үсчин, гоо сайхны газрууд хяналтгүй ажиллаж байна

Нийслэлд ажиллаж буй үсчин, гоо сайхны газруудын ажилд тогтмол хяналт тавих шаардлагыг ШӨХТГ-аас Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба болон НМХГ-т хүргүүлэх болжээ.


Тодруулбал, ШӨХТГ-ын өргөдөл, гомдол хүлээн авах 1800-1284 төвд энэ оны эхний 5 сард иргэдээс ирүүлсэн гомдлын 50-н хувь нийтийн үйлчилгээний газруудтай холбоотой байжээ. Үүний дийлэнхийг үсчин, гоо сайхны газруудтай холбоотой гомдол эзэлсэн байна. Тиймээс ШӨХТГ-аас түүврийн аргаар таван үсчин, гоо сайхны газарт шалгалт хийсэн бөгөөд эрүүл мэндийн шаардлага хангаагүй орчин, ажилтнууд нь мэргэжлийн үнэмлэхгүй зэрэг зөрчил илрүүлжээ. Түүнчлэн дээрх таван үсчин, гоо сайхны газрыг байгуулсан цагаас хойш НМХГ болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас нэг ч удаа хяналт шалгалт хийгээгүй байжээ. Тиймээс үсчин, гоо сайхны газруудыг хянах шаардлага хүргүүлэх болсон байна.


А.Гэрэлтуяа

Холбоотой мэдээ