“Орон нутгийн зам-Хөдөлгөөний соёл 2019” нэгдсэн арга хэмжээ эхэллээ

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2019-06-14 16:51:51

Сүхбаатар /МОНЦАМЭ/. “Орон нутгийн зам- Хөдөлгөөний соёл 2019" урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээ орон даяар эхэллээ. Уг ажил энэ сарын 15-наас ирэх 9 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл бүтэн гурван сарын хугацаанд үргэлжлэх юм. Үүнтэй холбоотойгоор аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас мэдээлэл хийлээ.

Амралт зугаалгын улирал эхэлсэнтэй холбоотойгоор тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчим эрс нэмэгдэж, хөдөлгөөнд оролцогчдын хариуцлагагүйн улмаас зам тээврийн ослын тоо эрс нэмэгддэг. Энэхүү нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор дээрх үйл ажиллагааг зохион байгуулж эхлээд гурван жил болжээ.

Аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас өгсөн мэдээллээр энэ оны эхний таван сарын байдлаар аймгийн хэмжээнд замын хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 14, зам тээврийн ослын шинжтэй 26, нийт 40 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. Үйлдэгдсэн гэмт хэрэг, ослыг урьд оны мөн үетэй харьцуулахад Замын хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 6,6 хувиар буурсан бол зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл 13 хувиар, нийт дуудлага мэдээлэл 5,26 хувиар өссөн байна. Гэмт хэргийн улмаас нас барсан хүний тоо 87,5 хувиар өссөн бол бэртэж гэмтсэн хүний тоо 53,8 хувиар буурчээ.

Зам тээврийн осолд өртсөн хүүхдийн тоо он гарсаар 75 хувиар буурсан байна. Түүнчлэн он гарсаар зам тээврийн ослоор нас барсан хүүхэд бүртгэгдээгүй байна. 
Зам тээврийн гэмт хэрэг ослын дийлэнх шалтгааныг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон
той холбоотой. Иймд иргэд, олон нийт, жолооч нар зам тээврийн хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн зүйл, заалтыг баримталж, бага насны хүүхдэдээ тавих анхаарлаа сулруулахгүй байж, орон нутгийн замд анхаарал болгоомжтой оролцохыг анхаарууллаа.

 

Холбоотой мэдээ