Чандмань хайрхан уулыг тахих ёслол боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2019-06-19 11:45:33

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2018 оны тогтоолын дагуу Хантайширын нурууны Чандмань хайрхнаа тахив.

Хантайширын нурууны Чандмань хайрхны тахилгын ёслолд тус аймгийн Засаг дарга В.Рэнцэндорж, Есөнбулаг сумын ИТХ-ын дарга Н.Эрдэнэбат, сумын Засаг дарга бөгөөд Алтай хотын захирагч Ш.Дагва болон албаны бусад төлөөлөгч, шашин номын зүтгэлтнүүд, хишигтэн олон өргөнөөр оролцлоо.

Тахилгын үеэр эрийн гурван наадам зохиож, 32 бөх барилдан, хурдан морины бага гурван нас уралдаж, харваачид цэц мэргэнээ сорьсон юм.  Үндэсний бөхийн барилдаанд сумын заан Д.Алтаншагай түрүүлж, сумын заан Б.Гомбо үзүүрлэсэн бол их шөвөгт аймгийн заан В.Туяазаяа, аймгийн начин Б.Төрмөнх нар шалгарлаа.

Харин сурын харваанд аймгийн мэргэн, спортын мастер Б.Билэгдэмбэрэл түрүүлж, аймгийн мэргэн, спортын дэд мастер  П.Лхагвабаатар, аймгийн мэргэн Б.Энхбат нар удаалжээ.

Хурдан морины уралдааны хязаалан насанд залуу уяач Б.Тэмүүлэнгийн хүрэн халзан, шүдлэнд залуу уяач Ж.Гантөмөрийн саарал, дааган насанд залуу уяач Н.Моломжамцын саарал түрүү магнай хүртэж торгон жолоо өргөв.

Хантайширын нурууны Чандмань хайрхан уулыг 2018 оноос эхлэн тахиж эхэлсэн байна.

Холбоотой мэдээ