Л.Оюун-Эрдэнэ: Ш.Батхүүгийн 52 тэрбум төгрөгийн хөрөнгийг битүүмжилсэн

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-06-19 17:00:18
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Эрдэнэт" үйлдвэрээс Стандарт банканд төлсөн 40 сая ам.долларын өрийг бүрэн төлсөн баримтыг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр сэтгүүлчдэд танилцуулав. 


Сүүлийн үед “Стандарт” банканд “Эрдэнэт” үйлдвэрээс төлсөн гэх 40 сая ам.доллар замаасаа алга болсон, өрөө төлсөн төлбөрийн баримт нь байгаа эсэх асуудлыг цахим орчин, хэвлэл мэдээллээр ярих болсон. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ, "40 сая ам.долларын өр, төлбөр холбогдох журмаараа шийдэгдсэн. Одоо гол нь “Эрдэнэт” үйлдвэрт хохирол учруулсан хүмүүсээс 40 сая ам.долларыг буцааж төлүүлэх л асуудал бий.  Мөнгө төлсөн баримтыг олон нийтэд ил болгоно” хэмээн өнөөдөр үдээс өмнө мэдэгдэж байсан юм.



Үүний дараахан Засгийн газрын  өнөөдрийн ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг мэдээлэх үеэрээ тус баримтыг сэтгүүлчдэд үзүүлж, дэлгэрэнгүй тайлбарлав. 


Тэрбээр, "Дөрөвдүгээр сарын 29-нд “Стандарт” банкнаас өр төлбөртэй холбоотой ямар нэгэн асуудал байхгүй, бүх зүйл хаагдсан гэсэн утгатай баримт, бичиг ирүүлсэн байна. Тэгэхээр одоо гадаад талд төлбөрийн асуудал шийдэгдсэн гэж ойлгож болно. Харин дотооддоо шийдэх буюу буруутай этгээдээр “Эрдэнэт” үйлдвэрт учирсан 40 сая ам.долларыг эргүүлэн төлүүлэх асуудал үлдсэн.  Өчигдөр ЗГХЭГ-аас АТГ-ын даргад хандаж албан бичиг явуулсан. Одоо  Ш.Батхүүгийн эзэмшил бүхий, түүнд холбоотой өмч, хөрөнгийг битүүмжилсэн. Нийт 52 орчим тэрбум төгрөгийн үнэлгээтэй үл хөдлөх хөрөнгө байна. Үүнээс гадна 85-87 тэрбум орчим төгрөгийн үл хөдлөх хөрөнгө тухайн үед Ш.Батхүүгийн нэр дээр байсан. АТГ-аас дахиж лавлагаа авах шаардлага байгаа гэсэн. Үүнд 2-3 хоногийн хугацаа орох байх. Үүний дараа хөрөнгийн жагсаалтыг нь гаргаад дуудлага худалдаанд оруулах, эсвэл шүүхийн шийдвэрийн дагуу зарж борлуулаад орлогыг нь буцаагаад “Эрдэнэт” үйлдвэрт өгч хохиролгүй болгох асуудлыг шийднэ. АТГ-аас хариу албан бичиг ирсний дараа УДШ, Захиргааны шүүхэд хандана. Дараа нь улсыг хохиролгүй болгох тал дээр, шаардлагатай гэвэл тухайн ААН-үүд ямар хэлцэл хийж тэр үед гэрээг байгуулсан, тэр дунд авлига байсан эсэх бүх материалыг Засгийн газраас ил болгоно” гэж мэдэгдлээ.   

Холбоотой мэдээ